Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам”-ыг МҮБХ, БХЯ, "Алдар" спорт хороотой хамтран амжилттай зохион байгууллаа. Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглолоо. Улмаар Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо "Даян" дэвжээний бөх, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлж "Цэргийн арслан" цолны эзэн боллоо. Мөн Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Булганхан" дэвжээний бөх, аймгийн арслан Энхбатын Сумьяабат үзүүрлэн “идэвхит” чимэг нэмсэн юм. Их шөвөгт шалгарсан Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаярт “цогт” чимэг, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Хан Хэнтийн" аварга дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрахад “хичээнгүй” чимэг олгов. Харин тав даван шөвгөрч, дунд шөвгийн наймд үлдсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Хилчин" спорт хорооны бөх, сумын харцага Б.Бат-Эрдэнэ "Цэргийн начин" цол хүртсэн бол, аймгийн арслан Т.Довчинсэмбээ "өлзийт”, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл "өрнөх", аймгийн заан Б.Түвшинтөгс "өрнөх" чимэг нэмлээ.