Серби теннисчин Новик Жокович өнгөрсөн зун “Уимблдон”-д түрүүлснийхээ дараа түүхэн дэх хамгийн агуу эрэгтэй теннисчин хэмээн дуудагдах эрхтэй болсон. Улмаар “Америкийн нээлттэй тэмцээн”-д сүүлчийн үл итгэгчдийн амыг таглах боломжтой байсан ч Д.Медведевт ялагдан нэг жилд бүх “Их дуулга”-д түрүүлэх, мөн 21 дэх цомоо хүртэх боломжоо алдсан юм. Үүний дараа бараг хоёр сарын завсарлага авсан Н.Жокович өнгөрсөн долоо хоногт Парисийн кортонд эргэж ирээд дөрвөн дээд амжилт тогтоолоо.
• Н.Жокович энэ жил дэлхийн чансааг тэргүүлсээр дуусгах нь тодорхой болсон. Ийнхүү тэрбээр долоо дахь удаагаа “номер нэг” болж, эрэгтэй теннисчдийн дээд амжилтыг тогтоов.
• Тэрбээр чансааны оноо өгдөг ердөө 10 тэмцээнд оролцоод л “номер нэг” болохоо баталгаажуулсан нь хэн ч хүрээгүй амжилт. Өмнө нь буюу 2013 онд Р.Надаль 13 тэмцээнд оролцоод чансааг тэргүүлэх хэмжээний оноо цуглуулж байв.
• Новак “Мастерс” тэмцээнд 37 дахиа түрүүлж, Р.Надалиас нэгээр илүү боллоо.
• Тэрбээр эхний тойрогт дэлхийн номер нэг тамирчны хувьд 418 дахь ялалтаа байгуулж, Р.Федерерийн дээд амжилтыг шинэчлэв. Ийнхүү эрэгтэй теннисчдийн бараг бүх дээд амжилт зөвхөн Н.Жоковичийн мэдлийнх боллоо. Тэдгээрийн ихэнхийг тэрбээр ганцаараа, эсвэл өөр тамирчинтай хамтран эзэмшиж байна.
• Н.Жокович “Их дуулга”-д 20 удаа түрүүлсэн амжилтыг Р.Федерер, Р.Надальтай хамт эзэмшиж буй.
• Ердөө гурван жил гаруйн өмнө буюу 2018 оны “Ролан гаррос”-ын дараа тэрбээр “Их дуулга”-ын 12 цомтой, Р.Федерерээс даруй найман ялалтаар дутуу байсан юм. Тодруулбал, тэр цагаас хойших 13 “Их дуулга” тэмцээний наймд нь Новак түрүүлжээ.
• Тэрбээр энэ онд бүх “Дуулга”-ыг хоёр удаа өөрийн болгосон цорын ганц эрэгтэй теннисчин болсон.
• Серби теннисчин 10 “Мастерс” тэмцээнд бүгдэд нь түрүүлжээ. Тус бүр хоёр удаа гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.
• Парист түрүүлснээр Н.Жокович том тэмцээнд (“Их дуулга”, “Мастерс”, оны сүүлчийн тэмцээн) нийт 62 удаа тэргүүллээ. Түүний дараа Р.Надаль (57), Р.Федерер (54) бичигддэг. Бусад тамирчин нь 40-өөс цөөн түрүүтэй аж.
• Чансааг тэргүүлсэн долоо хоногийн тоог Новак өнгөрсөн гуравдугаар сар шинэчилсэн. Тэрбээр 346 долоо хоног дараалан чансааг тэргүүлж буй агаад түүнийг гүйцэх тамирчин ойрдоо гарахгүй болов уу. Теннисний түүхэнд энэ төрлийн дээд амжилтыг (377 долоо хоног) домогт Ш.Граф эзэмшдэг.
• Чансааны эхний 10-т бичигдсэн теннисчдийг хожсон тоогоор Р.Федерерийн дээд амжилтыг шинэчилж, 227 ялалт болгов.
• Тэрбээр ялалт байгуулсан хувиар (83.2) эрэгтэй теннисчдийг тэргүүлдэг. Хоёрдугаар байрт Р.Надаль бичигдэж буй.
Н.Жокович ямар дээд амжилтуудыг хараахан эвдээгүй байна вэ?
• Нийт цомын тоогоор (86) түүхэнд тавдугаар байрт бичигдэж байна. Нэгдүгээр байрт 109 цомтой Ж.Коннорс ордог.
• Нийт хожлын тоогоор (982) мөн тавдугаар байрт орж байна. Нэгдүгээр байрын эзэн Ж.Коннорс 1274 хожилтой.
• Нэг улиралд түрүүлсэн тэмцээний тоогоор 1969 онд 18 тэмцээнд түрүүлсэн Р.Лэвер тэргүүлдэг. Харин Г.Вилас нэг улиралд хамгийн олон ялалт (1977 онд 134 хожил) байгуулсан дээд амжилтыг эзэмшдэг.
• Нэг тэмцээнд хамгийн олон түрүүлсэн тамирчин бол 13 удаа “Ролан гаррос”-ыг эзэгнэсэн Р.Надаль юм. Харин Н.Жокович “Австралийн нээлттэй тэмцээн”-д есөн удаа түрүүлээд байна.
Дээр дурдсан зарим дээд амжилтыг Н.Жокович хэзээ ч эвдэхгүй байж магадгүй. Заримыг нь улам шинэчлэн тогтоох биз. Ямартай ч тэрбээр бараг бүх үзүүлэлтээр бусдыгаа хол хаясан нь тодорхой юм.