Спортын ертөнц дэх үйл явдлууд “Гиннесийн ном”-ын түүхийг баяжуулах бас нэгэн эх сурвалж болдог онцлогтой. Спортын ер бусын, хачирхалтай амжилтуудаас түүвэрлэн хүргэе.
САГСАН БӨМБӨГ
Энэ төрлийн спортын дэлхийн хамгийн өвөрмөц амжилтыг Америкийн тамирчин Кори Лоу тогтоожээ. Тэрбээр 25 метрийн зайнаас самбар дахь цагаригт бөмбөг оруулсан юм. Ингэх дээ самбар луу нуруугаа харуулсан буюу буруу харж зогссон гэдгээрээ онцлог. Түүнээс өмнө эл амжилтыг эзэмшигч нь 21 метрийн зайнаас шидсэн байдаг. Кори Лоу түүнчлэн энгийн байрлалаас хамгийн хол буюу 33.5 метрийн зайд шидэлтийг оновчтой хийсэн амжилтын эзэн. Сагсан бөмбөгийн талбайн урт нь 28 метр тул тэрбээр үзэгчдийн суудлын доод эгнээнээс бөмбөг шидсэн аж.
ТУЛААНЫ УРЛАГ
Тулааны урлагийн нэг гайхамшиг нь нүцгэн гараараа тоосго хугалах. Зөвхөн хугалах нь гол биш, даалгаврыг хэр хурдан гүйцэтгэж байгаад бас ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл, хэдий хугацаанд хэдэн тоосго хугалав гэсэн үг. Энэ утгаараа хамгийн хүчтэй, хурдтай цохилттой тулаанчдыг шалгаруулдаг Дэлхийн цохилтын хурдны холбоо гэж бий. Тус холбооны түүхэн дэх хамгийн “хатуу самар” нь Америкийн Кевин Тэйлор. Тэрбээр ердөө 57 секундэд 584 тоосго цохиж хугалжээ. Австралийн Энтони Келли өөр төрлөөр дээд амжилт тогтоосон нь нэг секундэд дунджаар зургаан удаа цохиж, минутын туршид 347 “буулгасан” аж.
УСАНД ҮСРЭЛТ
АНУ-ын тамирчин Даррен Тейлор 11 метрийн өндөр трамплин буюу тавцангаас 50 см гүнтэй усан сан руу үсэрч ер бусын амжилтын эзэн болсон нь өнгөрсөн долдугаар сард бөгөөд тухайн үед тэрбээр 61 настай байв.
ГҮЙЛТ
Японд дөрвөн хөллөж гүйдэг тэмцээн зохион байгуулах нь энгийн бөгөөд түгээмэл. Кеничи Ито амьтан шиг дөрвөн хөллөн 100 метрийн зайг 17.47 секундэд туулжээ. Гүйлтийн өөр нэг төрөл, тодруулбал, 100 метрийн зайд Японы иргэн Миязаки 42.22 секунд зарцуулснаараа олныг гайхшируулсан юм. Уг нь энэ зайг Ямайкийн тамирчин Усэйн Болт 9.58 секундэд туулсан нь жинхэнэ гайхамшиг. Хамгийн гол нь Миязаки эл амжилтыг тогтоосныхоо маргааш нь 105 нас хүрсэн буюу хамгийн өндөр настай аварга. 100 метрийн гүйлтийн төрөлд өөр нэг өвөрмөц амжилтын эзэн нь Германы Жулиа Плехер. Тэрбээр өндөр өсгийтэй гутал өмсөн 100 метрийг 14.53 секундэд туулсан байна. Данийн Ян Шрөдерийн амжилт бас их онцлогтой. 3.5 цаг үргэлжилсэн 42 км, 195 метрийн марафоны туршид тэрбээр бөмбөг өшиглөжээ. Хэрэв эл амжилтыг хөлбөмбөгийн талбайд явуулсан бол Ян хоёр хаалганы хооронд 400 удаа гүйх байсан гэдэг.
Триатлоны төрөлд Америкийн тамирчин Кристофер Бергландын амжилтыг эвдэхэд бэрх. Учир нь тэрбээр дэлхийн хамгийн урт триатлоны тэмцээнд гурвантаа түрүүлсэн бөгөөд 24 цагийн дотор 253 км зам туулсан амжилтаараа “Гиннесийн ном”-д бичигджээ.
БАДМИНТОН
Олимпын хошой аварга (2012, 2016 онд хосын төрөл), дэлхийн олон удаагийн аварга, Хятадын Фу Хайфэн бадминтоны цохиурыг 330 км/цагийн хурдтай эргэлдүүлсэн нь онцгой сонин амжилт юм.
ЦАНА
Дэлхийн хамгийн хурдтай цаначин бол Симон Орегоне. Италийн цаначин тэрбээр 2006 оны улирлын тэмцээний үеэр 251 км/цаг хурдалжээ.
Бэлтгэсэн Э.Хана