Паралимпийн зургаан удаагийн аварга О.Писториус найз бүсгүй Р.Стийнкампын амийг 2013 оны хоёрдугаар сард хөнөөсөн билээ. Түүнийг анх хүн амины хэрэгт буруугүйд тооцсон ч давж заалдах шатны хурлаар гэм буруутайг нь тогтоож 13 жил таван сар хорих ял ногдуулсан юм. Гэхдээ ӨАБНУ-ын хуулиар ялынхаа талыг биеэр эдэлсэн хоригдогч батлан даалтад гарах боломжтой байдаг аж.
Тиймээс О.Писториус өнгөрсөн долдугаар сараас эхлэн энэ эрхээ эдлэх боломж бүрджээ. Гэхдээ тэрбээр үүний тулд Р.Стийнкампын эцэг, эхтэй уулзах ёстой юм. Гэвч эцэг, эх нь О.Писториустай уулзахыг хүсээгүй учраас нэрт тамирчин асан өдийг хүртэл шоронд хоригдсоор байгаа гэнэ.
“Хутган дээр гүйгч” хочтой О.Писториус 2004-2012 онд олимпын наадамд оролцохдоо зургаан алтан медаль хүртэж, дэлхийн хэмжээний од болж байсан билээ.