Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг волейболын “Үндэсний дээд лиг-2021” тэмцээн Спортын төв ордонд үргэлжилсээр байна. “MNB sport” сувгаар шууд дамжуулж, үзэгчгүй зохион байгуулж буй эл тэмцээний дөрөв дэх өдрөөс (энэ сарын 6) “гал гарсан” тоглолтууд өрнөсөн. Эмэгтэйчүүдээс лигийн мөнгөн медальт “Хобби эйс” багийнхан тэмцээнийг тэргүүлж эхэлсэн бол эрэгтэйчүүдээс “Натур мед ноён”-ыхон хожлын салхийг өөрийн талд эргүүллээ. Тэгвэл Б.Даринчулуун дасгалжуулагчаар удирдуулсан “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим”-ийнхэн тэдний араас шил дарав.
Зургаа дахь өдрийн тоглолтод (энэ сарын 8) “Эрчим” багийнхан дээд лигийн аварга “Хасу мегаватт MGL”-ийнхнийг 3:0- ээр хожсон нь тоглолтын уур амьсгалыг сонирхолтой болгосон.
Тэгвэл энэ сарын 9-нд эхний тойргийн сүүлчийн тоглолтод эмэгтэйчүүдийн багаас “Энагурэ”-гийнхан “Уурхайчин”-ыг 3:0-ээр илүүрхэж, хоёр хожил, гурван хожигдолтой боллоо. Тус багаас энэ жилийн лигт хамгийн сайн тоглолт үзүүлж байгаа тамирчны нэг бол Э.Бадамцэцэг. Тэрбээр 14 оноо авч багаа тэргүүлэн, тоглолтын шилдгээр шалгарсан. “Хилчин”-ийнхэн “Алтайн барс”- ыг 3:1-ээр талбайд буулган авч, дээд лигийн эхний тойрогт таван тоглолт хийхдээ дөрөв хожсон амжилттай урагшилж байна. Тойргийн сүүлчийн тоглолт ширүүн, өрсөлдөөнтэй болоход багтаа чухал үүрэг гүйцэтгэсэн С.Нарангуа хожлын оноог давуулалтаар авч, мөн л шилдгээр тодорсон юм.