Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Токиогийн олимп болон паралимпийн наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт төрийн дээд одон, цол гардуулахаар болжээ. Тухайлбал, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, мөн паралимпийн наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэх нь. Тэгвэл олимпын наадмын мөнгөн медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллаеи, хүрэл медальт Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн төрөлд мөн хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгох аж. Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Хүндийг өргөлтийн холбооны ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр нар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртэх юм. Шагналыг Төрийн ордонд өнөөдөр 14.00 цагт гардуулна.