Нийслэлийн даамын холбооноос Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээнийг энэ сарын 6-7-нд зохион байгууллаа. Үүнд эрэгтэй 52, эмэгтэй 24 тамирчин швейцар системээр есөн өрөг тоглож, оюун ухаанаа сорив. Эрэгтэйчүүдээс Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат (Монгени) 15 оноогоор тэргүүлж, Ц.Хашчулуун (Дебют), ОУИМ Р.Манлай (Алтан хүү) нар удааллаа. Эмэгтэйчүүдээс Б.Мөнхжин (Алтан хүү) алт, ОУИМ Б.Мишээл мөнгө, ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү) хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээний өсвөрийн ангилалд Б.Энхрийлэн, Э.Даариймаа, ахмадынхад Б.Ганзориг, Д.Чойжилсүрэн нар сонгодог байрлалд аваргаар шалгарч, тусгай шагналыг Б.Пүрэвбаатар, ОУИМ М.Нямжаргал нар хүртсэн байна.
Ташрамд дуулгахад, 1966 онд анх болсон эл тэмцээнд спортын мастер Б.Амарсанаа түрүүлж байжээ. Эрэгтэйчүүдээс Т.Пүрэвдорж долоо, эмэгтэйчүүдээс ДДХМ С.Саранцэцэг зургаан удаа түрүүлсэн юм. 2009 оноос хойш тодорхой шалтгааны улмаас тасарсан тэмцээнийг энэ жил сэргээж, цаашид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулах боллоо.