Гибрид буюу эрлийзжүүлсэн амьтан, ургамал олон бий. Харин спортын ертөнцөд “эрлийзүүд” цөөн боловч байдгийн нэг нь боулинг, биллиардын нийлмэл боубиль юм. Спортын энэхүү шинэ төрлийг АНУ-ын иргэн Стив Виенек бий болгосон бөгөөд 1985 оноос боубилийг “төрүүлэхээр дуншсан” ч цаг зав, мөнгө, санхүүгээс болж хойшлуулсаар 20 жилийг үджээ. Тэрбээр 2008 онд өөрийн төсөөллийн дагуу 5х10 метрийн хэмжээтэй буюу биллиардын ширээнээс дөрөв дахин том талбайг бэлэн болгож, “пул 8”-ын америк хувилбарт үндэслэн дүрмээ зохиосноо найз нартаа танилцуулан, анхны тоглолтыг туршсан байна. Талбай дээрх бөмбөгийг боулингийн “цохиураар” цохино. Дараа нь нэг цувралын бүх бөмбөгийг нүхэнд хийснээр оноо авах зэргээр биллиардын дүрэмтэй ерөнхийдөө төстэй. Тодруулбал, өрсөлдөгчид ээлжлэн цохих бөгөөд биллиардын стандарт дүрэмд зарим тохируулга хийсэн аж. Нэг багт хэд хэдэн хүн байж болно. Тоглолтод 2.7 кг жинтэй буюу боулингийн зургаа дугаарын бөмбөг ашигладаг байна. Хэрэв тоглогч санамсаргүй аль нэг бөмбөгт хүрвэл түүгээрээ л тоглох ёстой. Энэ тохиолдолд шидэлт хийхээс өмнө байрнаас гарахыг хориглоно. Пирамид хэлбэртэй өрсөн, том хэмжээний, жин ихтэй бөмбөгнүүдийг цохиж тараана гэдэг бол хэр барагтай хүний хийх ажил бий гэдгийг энэ спорт сонирхогчид хэлдэг. Асар их хүч шаарддаг учраас чацтай, тэнхээтэй, бас мөч урттай хүн л барах ажил гэж тодотгожээ.
Бэлтгэсэн Э.Хана