“Аваргуудын лиг”-ийн хэсгийн шат ид дундаа орлоо. Н, Е, F, G хэсгийн дөрвөн тоглолтын дараачаар шөвгийн 16-д тоглох эхний багуудын нэрс тодорлоо.
Н хэсэг
“Зенит”-ийг 4:2-ын харьцаатай хожсон “Ювентус” баг 12 оноотой болж, хасагдах шатанд шалгарлаа. “Челси” харин үлдсэн хоёр тоглолтоос (“Ювентус”, “Зенит”) нэг оноо авахад л дараагийн шатанд орно.
Е хэсэг
Португалын “Бенфика”-г бут ниргэсэн “Байерн” хэсгээсээ төвөггүй шалгарсан. Үлдсэн ганц эрхийн төлөө “Барселона” болон “Бенфика” өрсөлдөх нь. Каталоны баг Киевийн “Динамо”-г хожсоноор хасагдах шатанд шалгарах боломжоо үлэмж ихэсгэсэн бөгөөд одоо бүх зүйл өөрсдөөс нь шалтгаална. Тэд “Бенфика”-г заавал хожих ёстой ч Португалын баг хэрэв “Динамо”-д оноо алдвал “Барса” ердөө тэнцэхэд л хангалттай.
F хэсэг
“Аталанта”-тай эцсийн мөчид эвийн гэрээ байгуулснаар “Манчестер юнайтед” хэсгийнхээ тэргүүлэгчдийн нэг хэвээр үлдэв. Тэд хасагдах шатанд шалгарахын тулд дараагийн тоглолтдоо “Виллареал”-ыг хожих ёстой. Харин Испанийн баг “Манчестер юнайтед”-ыг хожих ёстой боловч хожигдсон тохиолдолд сүүлийн тоглолтдоо “Аталанта”-г буулгаж авч чадвал хэсгээсээ гарна.
G хэсэг
Хамгийн тааварлашгүй хэсэг. “Ред булл”, “Зальцбург”, “Вольфсбург” баг үлдсэн хоёр тоглолтдоо хожиход л хэсгээсээ гарах боломжтой. Гэхдээ долоон оноотой “Ред булл” нэг хожигдсон ч хэсгийнхээ эхний хоёр байрт бичигдэх учир бусдаасаа бага зэргийн давуу талтай байна. Харин Испанийн лигийн төлөөлөгч “Севилья” дараагийн тойрогт “Вольфсбург” багт хожигдоход л хасагдах шатанд шалгарах боломжгүй болно.
АВРАЛЫН БУРХАН РОНАЛДУ
Өнгөрсөн мягмар гарагт болсон “Аталанта”, “Манчестер юнайтед” багийн тоглолтын үндсэн цаг дуусаж, талбайн эзэд нэг гоолын илүүтэй хожил байгуулахад ойрхон ирээд байв. Гэвч 91 дэх минутад К.Роналду бөмбөгийг агаарт байхад нь гуядан гоолдож, багтаа асар чухал тэнцээний оноог авчирлаа. Ийнхүү тэрбээр 2021-2022 оны улирал эхэлснээс хойш клуб, шигшээ багийн түвшинд 15 тоглолтод оролцож, 15 дахь гоолоо оруулав. Мөн тэрбээр өөр хэд хэдэн амжилтын эзэн болжээ. Зарим амжилтуудаас нь дурдъя.
- “Аваргуудын лиг”-т хамгийн олон гоол (139 гоол) оруулсан амжилтаа тэрбээр шинэчилсээр байна. Түүний дараа бичигдэж буй 123 гоолтой Л.Месси гэмтлийн улмаас “Лайпциг”-ийн эсрэг тоглолтыг өнжсөн.
- Тус тэмцээнд 2003 оноос хойш дөрвөн тоглолт дараалан гоол оруулсан “Манчестер юнайтед”-ын анхны тоглогч болов. Өмнөх дээд амжилтын эзэн Руд ван Нистелрой есөн тоглолт дараалан гоолдож байжээ.
- Европын цомын тэмцээний нэг тоглолтод хоёр гоол оруулсан “Манчестер юнайтед”-ын түүхэн дэх хамгийн ахмад тоглогч боллоо. Бусад улсын багуудыг авч үзвэл К.Роналду Ф.Инзагигийн дараа хоёрдугаарт орох юм. Филиппо 2010 онд 37 нас, 86 өдөртэй байхдаа “Реал”-ын хаалганд хоёр гоол оруулж байлаа.
- Криштиану Английн багийн төлөө 127 дахь гоолоо (303 тоглолтод) оруулжээ. Тэрбээр “Манчестер юнайтед”-ын мэргэн буучдын жагсаалтад одоогийн дасгалжуулагч О.Гуннар-Сульшерийг гүйцэж долдугаар байрт бичигдэж эхэллээ.
Эцэст нь өгүүлэхэд, К.Роналду энэ улиралд “Виллареал”, “Аталанта”-гийн эсрэг хожлын гоол (95 болон 81 дэх минут), энэ удаад тэнцээний гоол оруулж багаа авраад байна.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар