Японы Китакюшю хотод уран сайхны гимнастикийн 38 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна. 1963 оноос эхлэн зохиосон уг тэмцээнд энэ жил 47 орны 180 гаруй тамирчин оролцлоо. Эхний өдөр хувийн цагариг, бөмбөгтэй дасгал, хоёр дахь өдөр тууз болон булавтай дасгалд медалийн эзэд тодорсон юм. ОХУ-ын гимнастикч Дина Аверина цагариг, бөмбөг, булавтай дасгалд алт, туузтайд мөнгөн медаль хүртсэн бол түүний ихэр Арина Аверина бөмбөг болон цагаригтайд мөнгө, туузтайд хүрэл медаль зүүв. Туузтай дасгалд Беларусийн Алина Горносько аварга болсон бөгөөд тэрбээр цагаригт мөнгө, бөмбөгтэйд хүрэл медаль хүртсэн. Туузтай дасгалд Дина болон Аринагийн оноог шүүгчид дарсан хэмээн (зүй ёсны) дасгалжуулагч Ирина Винер протест өгсөн ч орос охидын оноо өөрчлөгдсөнгүй. Хэрэв Дина туузтайд түрүүлсэн бол ДАШТ-ий 17 алтан медаль өвөртөлсөн Евгения Канаевагийн түүхэн амжилтыг эвдэх байлаа. Гэхдээ хувийн олон төрөлтөд түрүүлбэл Аверина Канаевагийн амжилттай зэрэгцэх юм. Дина Аверина хамгийн нэр хүндтэйд тооцогддог хувийн олон төрөлтөд 2017, 2018, 2019 онд дараалж дэлхийн аварга болсон билээ. Түүнд одоогоор ДАШТ-ий 16 алт, гурван мөнгө, нэг хүрэл, харин Аринад дөрвөн алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль бий.
Ташрамд дурдахад, 2019 онд Азербайжаны Бакуд болсон ДАШТ-д Монголын уран сайхны гимнастикийн багаас Х.Ундрам, Ц.Саруул анх удаа оролцож байсан юм.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин