Монголын мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо анхдугаар цахим чуулганаа энэ сарын 1-нд зохион байгууллаа. 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 70 гаруй багш, дасгалжуулагч үүнд оролцов. Холбооноос хийхээр төлөвлөсөн ажлуудаа энэ үеэр танилцуулж, бүтэц, дүрмийн талаар хэлэлцэн, төлөөлөгчдөөс дэвшүүлсэн саналыг тусгасны үндсэн дээр дүрмээ батлахаар тогтжээ. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “Багш, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага Монголд алга. Тухайн тамирчныг амжилт гаргахад нь магтан сайшаадаг хэрнээ тааруухан оролцоход дасгалжуулагчийг нь буруутгаж, ажлаас халдаг тогтолцоог өөрчлөх ёстой. Биеийн тамирын салбарын эв нэгдлийг бэхжүүлж, дасгалжуулагчдын амьдралын баталгааг сайжруулах, тэдний дуу хоолой болох нь манай холбооны гол зорилго. Үүний хүрээнд багш, дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулах зэрэг төлөвлөсөн ажил олон бий” хэмээсэн. Тус холбооныхон ирэх жилийн эхээр багш, дасгалжуулагчдыг хамарсан нэгдсэн чуулганаа хийж, удирдлагаа сонгох аж.
Бэлтгэсэн Г.Цэцэг