“Дархан-60” багийнхан 2019 оны аварга “Хасу мегаватт MGL”-ийг хожлооМонголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг волейболын “Үндэсний дээд лиг-2021” тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж буй. Энэ удаа эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн зургаан багийн эхний тойргийн тоглолтыг үзэгчгүй зохион байгуулж, “MNB sport” суваг, мөн олон нийтийн цахим сүлжээгээр шууд дамжуулж байгаа. II тойргийн тоглолтыг танхимд хөгжөөн дэмжигчдийг 30 хувийн дүүргэлттэй хийхээр төлөвлөсөн. Гурав дахь өдрийн тэмцээнийг Б.Хэрлэн дасгалжуулагчтай “Энагурэ”, Д.Шивоонцоо дасгалжуулагчтай “Хөвсгөл шинэ үе” эмэгтэйчүүдийн багийнхан эхлүүлж, “Хобби эйс”, “Хилчин”, “Уурхайчин”, “Алтайн барс”, “Хос бар Баянмөнх”, “Натур мед ноён”, “Хасу мегаватт MGL”, “Дархан-60”-ын тоглолтоор үргэлжилсэн. Талбайд “Дархан-60”-ынхан 2019 оны аварга “Хасу мегаватт MGL”-ийг 3:2, “Хос бар Баянмөнх” багийнхан “Уурхайчин”-ыг 3:1, “Эрчим”-ийнхэн хүчтэй өрсөлдөгч болох “Алтайн барс”-ыг 3:1-ээр хожлоо. Тоглолтын шилдгээр “Дархан-60”-д урилгаар тоглож буй ОХУ-ын легионер Егор Логунов, “Хос бар Баянмөнх” багийн ахлагч Р.Хангай, “Эрчим”-ийн Г.Цэнд-Аюуш нар тодорсон юм. Эмэгтэйчүүдийн багаас “Хобби эйс”, “Уурхайчин”-ынхантай ширүүхэн өрсөлдөж, 3:1-ээр буулган авч, довтлогч Г.Хонгорзул шилдгээр шалгарав.
Бэлтгэсэн Г.Цэцэг