Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг-2021” аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өчигдөр эхэллээ. Энэ жилийн лигт эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн зургаан багийн тамирчид оролцож, алтан медаль, аваргын цомын төлөө өрсөлдөх нь. Ирэх сарын 20 хүртэл үргэлжлэх лигийн эхний тойргийн тоглолтыг үзэгчгүй зохион байгуулж, “MNB sport” суваг, мөн олон нийтийн сүлжээгээр эх орон даяар шууд дамжуулж буй. Тэгвэл II тойргийн тоглолтыг танхимд хөгжөөн дэмжигчдийн 30 хувийн дүүргэлттэй хийхээр төлөвлөжээ.
Энэ удаа тоглолтын салхийг эмэгтэйчүүдээс Д.Шивоонцоо дасгалжуулагчтай “Хөвсгөл шинэ үе”, С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай “Хилчин” багийнхан хагалж, “Энагура”, “Алтайн барс”, “Хобби эйс”, “Уурхайчин”-ы тоглолтоор үргэлжилсэн юм. Талбайд “Хилчин”, “Энагура” багийнхан өрсөлдөгчөө тус бүр 3:0-ээр буулган авч, улирлын эхний тоглолтоо хожлоор эхлүүлэв. Тоглолтын шилдгээр “Хилчин”-ээс Г.Энхнаран, “Энагура”-гаас багийн ахлагч П.Энххүслэн нар шалгарсан. Эрэгтэйчүүдээс “Эрчим”, “Алтайн барс”, “Хилчин” багийнхан учраа таарч, эхний тоглолтоо хийв. Тэмцээнд нэгэн шинэ баг нэмсэн нь Ц.Нэмэх ахлагчтай “Дархан 60”. Дархан-Уул аймгийн 60 жилийн ой энэ жил тохиож байгаа тул аймгийнхаа тоглогчдоос бүрдсэн багийг лигт оролцуулах хүсэлт Монголын волейболын холбоонд тавьснаар ийн “тоосоо өргөв”. Тус багт ОХУ, “Хос бар”-д Японы легионер тамирчин урилгаар тоглохоор иржээ. Лигт байнга оролцдог хууччуулаас энэ удаа “Тэнүүн-Огоо” клубийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг оролцохгүй болсноо албан ёсоор мэдэгдсэн. Тэмцээний шагналын сан өмнөх жилийнхтэй адил байх аж. Түрүүлсэн багийнхан 15 сая төгрөгийн эзэн болж, алтан медаль, цом гардах бол удаалсан нь ес, III байрт шалгарсан нь долоон сая төгрөгийн шагнал хүртэнэ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ц.Алтанбулаг ажиллах бол 31 шүүгч тоглолтыг дэнслэх юм.
Бэлтгэсэн Г.Цэцэг