“Aфин-2004” олимпын хүрэл, “Роттердам-2009” ДАШТ-ий алт, “Токио-2010” ДАШТ-ий хүрэл, “Доха-2006” Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар спортын замнал, амжилт, амьдралынхаа тухай өгүүлсэн “Хөлс хөдөлмөрийн үнэ цэн” номоо өчигдөр Олон улсын жүдо бөхийн өдрөөр уншигчдын хүртээл болголоо. Тэрбээр “Ялалт, ялагдлын бүх л үед хамт байж хурцалсан монгол түмэндээ баярлалаа. Эх орондоо жүдо бөхөөр амжилт гаргаж, номынхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Тамирчид Төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө зүтгэдэг. Тэднээс илүү амжилт гаргахын тулд хэд дахин хөдөлмөрлөж, хичээх шаардлагатай. Надад шантрах, бэлтгэлээ алгуурлах эрх байгаагүй. Миний хувьд шаргуу хичээсэн, амрах завгүй хөдөлмөрлөсөн он жилүүд байлаа. Их спортоор хичээллэсэн 28 жилийн түүх, ялж баярласан, хожигдож харууссан гээд амьдралын минь тухай энэ номд бий” гэжээ. Ирэх жилийн эхээр эл бүтээлийг жүдо бөх өндөр хөгжсөн орнуудын хэлээр хөрвүүлэн хэвлүүлэх аж. Түүний номыг “Таван цагариг” сонины сэтгүүлч Г.Баярсайхан найруулан бичиж, спортын тайлбарлагч С.Шижирбат зөвлөх, Б.Батсайхан редактор, Э.Билгүүн-Оргил дизайнераар нь ажиллажээ.