“Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, “Эрхэт Монгол” групп, ТВ8 телевизтэй хамтран Үндэсний бөхийн лигийн анхдугаар барилдаан зохион байгууллаа. Үүнд 32 бөх хүч сорьсноос улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Н.Мустафа нар өрсөлдөгчөө өвдөг шороодуулж үзүүр, түрүүнд үлдсэн. Барилдаанд Т.Баасанхүү түрүүлж, шөвгийн дөрөвт улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Э.Сумъяабат нар шалгарсан юм. Лигт түрүүлсэн бөх гурав, үзүүрлэсэн нь 1.5 сая төгрөгийн шагнал хүртсэн бол шөвгийн дөрөвт үлдсэн нь тус бүр 500, нэг давсан нь 200, хоёр давсан нь 250, даваагүй ч барилдаанд зодоглосон хүчтэнүүд 120 мянган төгрөгийн шагнал гарджээ. Үндэсний бөхийн хөгжлийг дэмжсэн уг төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тус барилдааныг сард нэг удаа зохион байгуулах юм.
Ташрамд дуулгахад, үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн барилдаан ирэх сарын 16-17-нд Монгол бөхийн өргөөнд болно. 1964 оноос өнөөг хүртэл зохион байгуулж ирсэн энэ тэмцээнээр 16, 17, 18 насны ангилалд шилдгүүдийг шалгаруулдаг. Харин 19, 20 насны хүчтэнүүдийн өрсөлддөг залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан арваннэгдүгээр сарын 18-19-нд болох нь.
Бэлтгэсэн Г.Цэцэг