Ирэх оны өвөл эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах Катар улс тус тэмцээнийг сурталчлах зорилгоор алдартай оддыг элсүүлсээр байна. “Катар-2022”-ын шинэ “од”-оор нэрт хөлбөмбөгч Д.Бекхэм саяхан тодорчээ. Английн шигшээгийн тоглогч асан тэрбээр ДАШТ-ий нүүр царай болох төдийгүй ирэх 10 жилд Катарыг сурталчлах зорилгоор 150 сая фунт стерлингийн гэрээ өнгөрсөн сард тус улсад айлчлахдаа байгуулсан гэнэ. Гэхдээ энэ талаар ирэх сард албан ёсоор зарлах юм байна.
“Катар-2022”-ын хувьд олон улсад анхаарал татаж буй гол асуудал нь хүний эрхийн зөрчил юм. Харин Д.Бекхэмийг айлчлах үеэр энэ талаар ямар ч асуудал гаргахгүй хэмээн тус улсын эрх баригчид амласан гэж зарим хэвлэлд мэдээлжээ. Катар улс ЛГБТ болон бэлгийн цөөнх, мөн цагаачдад таагүй ханддагийн улмаас зарим улсын баг тамирчид, тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Норвегийн шигшээ багийнхан “Катар-2022”-ыг “бойкотлох”-ыг уриалж байв.
Мэдээж Д.Бекхэмийн айлчлал ч шүүмжлэгчдийн анхаарлаас хол байж чадсангүй. Хүний эрхийн “Эмнэсти интернэйшл” байгууллагаас нэрт хөлбөмбөгчинд хандан “Катар улс дахь хүний эрхийн зөрчлийн анхаарал татам нөхцөл байдлыг сайн судлахыг хүсэж байна. Тус улсад ажиллаж хөдөлмөрлөдөг цагаач ажилчидтай хатуу ширүүн харилцдаг, үг хэлэх эрх чөлөөг нь хязгаарладаг, бэлгийн цөөнхийг гэмт хэрэгтэнд тооцдог зэрэг санаа зовнисон асуудал Катар улсад бий” гэж сануулжээ. Д.Бекхэм катарчуудтай эртнээс сайн харилцаа тогтоосон. “Qatar sports investments” байгууллага хөлбөмбөгийн ПСЖ багийг худалдаж авсныхаа дараа элсүүлсэн анхны супер одын нэг нь Д.Бекхэм байлаа. Мөн англи тоглогчийг 2019 оны клубүүдийн ДАШТ-ий үеэр тус багийн эзэн Нассер аль-Хелайфитай хамт тоглолт үзэж байсныг хөлбөмбөг сонирхогчид санаж буй биз ээ.
Харин Д.Бекхэм “Тоглогч, мөн үзэгчид ч өөрсдөд нь ээлтэй, аюулгүй дэд бүтэц, сайхан зочид буудалтай, сонирхолтой соёл заншилтай улсад болоосой гэж хүсдэг. Энэ бүхэн Катарт бий. Эндхийнх шиг цэнгэлдэх хүрээлэнд тоглох нь мөрөөдөл учраас дахиад хөлбөмбөгчин болохсон гэж би лав хүсэж байна. Катарын цэнгэлдэх хүрээлэнгүүд хөлбөмбөгчдөд таалагдах нь гарцаагүй. Хамгийн гол нь энэ улсад маш их өсөлт, өөрчлөлт бий болж байна. Мөн нөхөрсөг уур амьсгал нь хөгжөөн дэмжигч, тоглогчдод таалагдах нь гарцаагүй” хэмээн ярьжээ.
Бэлтгэсэн Н.Баяр