2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулахаар бэлтгэж буй БНХАУ коронавирусийн халдварын тархалтыг бүхий л чадлаар хязгаарлахыг хичээж байна. Тус улс дотоодын халдварын тохиолдлыг аль болох бага байлгах, улмаар огт халдваргүй болох зорилготой нь манай улсын экспорт, импортын урсгалд ч нөлөөлж буй билээ. Харин Бээжинд очих ирэх тамирчид, албаны хүмүүст халдвар хамгааллын ямар дүрэм, журам үйлчлэх талаарх эхний мэдээллүүд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Олонхын таамаглаж байсанчлан тун хатуу чанга дэглэм үйлчлэх нь тодорхой болов. Хятадын эрх баригчдын гаргахаар зэхэж буй тэдгээр дэглэм нь саяхан Токиогийн зуны олимпын наадмыг зохион байгуулсан сахилга баттай, хашир япончуудыг ч давж гарахаар байгаа юм.
- Токиогийн олимпын үеэр оролцогчдыг секс хийхээс сэргийлэхийн тулд Олимпын тосгонд картонон ор байрлуулжээ. Харин Бээжинд сексийг бараг бүрмөсөн хориглож байгаа аж. Учир нь тамирчид олимпын наадмын турш хоорондоо болон бусад хүнднэг метрээс илүү ойртохыг хориглох юм. Харин бусдын тусламж хэрэгтэй паралимпийн тамирчдад энэ хязгаарлалт үйлчлэхгүй нь.
- Токиод 14 хоногийн хугацаанд хот хооронд чөлөөтэй зорчиж байсан бол Бээжинд харин тамирчид, албаны хүмүүс олимпын турш зөвхөн тусгаарлалтад байх ёстой. Хэрэв нийтийн тээврээр зайлшгүй зорчих шаардлага гарвал тусгайлан бэлтгэсэн автобусаар явах ёстой аж.
- Шинжилгээний хариу нь эерэг гарсан ч ямар нэг шинж тэмдэг илрээгүй оролцогчдыг Японд зочид буудалд нь тусгаарлаж байсан. Харин хятадууд тэдгээр хүнд зориулж 24 цагийн видео хяналт, орж гарах тусгай цагтай гээд бараг шоронтой төстэй “тусгай байр” бэлтгэсэн гэнэ.
- Эдгээрээс гадна тамирчид хоорондоо гар барих, баяр хүргэх, ялалтын баяраа тэмдэглэн тэврэлдэх зэргийг хориглож байгаа юм.
Томоохон тэмцээнд оролцогч тамирчдын хувьд анхаарал татдаг гол зүйл нь өдгөө хөл хорио болон вакцинжуулалт болж хувирсан. “Бээжин-2022”-ын хувьд вакцин хийлгэсэн тамирчид шууд бэлтгэл, тэмцээндээ оролцохыг зөвшөөрөх бол вакцин хийлгээгүй оролцогчид 21 хоногийн турш тусгаарлалтад байна. Мэдээж вакцин хийлгээгүй, хийлгэхээс татгалзсан тамирчдыг улсдаа огт оруулахгүй байх боломжгүй гэдгийг БНХАУ сайн ойлгож буй. Үүнд ОУОХ-ны байр суурийг авч үзэх хэрэг гарч ирнэ. Гэхдээ л олимпын наадмын өмнө 21 хоног тусгаарлалтад орох нь спортын талаасаа шууд “ялагдал”-д хөтөлнө гэсэн үг юм. Ийм шийдвэр гаргах тамирчин бараг л үгүй учраас Бээжинг зорих тамирчид вакцин хийлгэхээс өөр аргагүй болох нь.
МЕДАЛИЙН ДИЗАЙНЫГ ТАНИЛЦУУЛЛАА
2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болох “Бээжин-2022” өвлийн олимпын наадам эхлэхэд 100 өдөр үлдсэнийг тохиолдуулан зохион байгуулах хороо (ЗБХ) өнгөрсөн мягмар гарагт алт, мөнгө, хүрэл медалийн загварыг танилцууллаа. Тус олимпын наадмын медалийг “Tong Xin” буюу “Хамтдаа нэг баг” гэж нэрлэсэн бөгөөд дизайн нь ерөнхийдөө таван цагариг, төв цэгээс бүрдэж байгаа аж. Медалийн дизайныг “Энгийн, аюулгүй, гайхалтай” гэсэн ЗБХ-ны зарчимд нийцүүлэн энгийн, сонгодог байдлаар урласан бөгөөд 2008 оны зуны олимпын наадмын медалиудтай ижилхэн хаш чулуун шигтгээтэй хийх ажээ. Медаль нь уламжлалт хаш чулуун зүүлт шиг хүнхэр хэлбэртэй, Хятадын уламжлалт хээнүүдийг агуулж байгаа юм.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар