Дэлхийн хамгийн баян, олон үзэгчтэй сагсан бөмбөгийн лиг болох NBA-ийн шинэ улирал өнгөрсөн мягмар гарагт эхэллээ.
Эл улирал онцгой байх нь өнгөрсөн зунаас л тодорхой болсон. Учир нь тус лиг үүсгэн байгуулагдсаны 75 дахь ойн улирлаа эхлүүлж байгаа бөгөөд хөх, улаан дэвсгэр дээр “75” гэсэн тоо, алдартай тамирчдын зураг бүхий тусгай лого гаргасан нь сагсан бөмбөг сонирхогчдын ярих сэдэв болж эхэллээ. Тус лого энэ улирлын турш бүх тоглогчийн өмсгөл дээр “заларна”. Үүнээс гадна лигийн түүхэн дэх шилдэг 75 тоглогчийн нэрийг зарлах ёслол болох юм.
Ийм түүхэн улирлын аварга багаар тодрох нь асар их ач холбогдолтой байх нь гарцаагүй. Тэр тусмаа өмнөх хоёр улирал цар тахлын улмаас “хэлмэгдэл”-д өртсөнийг дурдах хэрэгтэй. Тухайлбал, 2019-2020 оны улирлын төгсгөл хэсэг, плей-офф үзэгчгүй болсон. Мөн өнгөрсөн улирлын өмнө тун богино амралттай байсан нь зарим багт сөргөөр нөлөөлсөн билээ. Харин энэ удаад 82 тоглолт бүхий, бүтэн зуны амралттай, 10-4 дүгээр сар хүртэл үргэлжлэх “жинхэнэ” улирлыг үзэх боломж бүрдэж байна. Гэхдээ амжилтаараа 7-10 дугаар байр эзэлсэн багууд улирлын төгсгөлд “плэй-ин” тоглолт хийдэг өнгөрсөн улирлын дүрэм хадгалагдаж үлдсэнийг сануулъя.
“БУГА”-ЫН АНД ГАРНА
Хагас зуун жил завсарласны эцэст түүхэндээ хоёр дахь удаагаа лигийн аварга болсон “Милуоки бакс” баг тэргүүллээ хамгаалан шинэ улирлыг эхлүүлж байна. Багийн лидер Я.Антетокунмпо лигт од болон гялалзаад цөөнгүй жил болж буй ч плей-оффт байнга бүтэлгүйтсээр ирсэн. Харин өнгөрсөн улиралд “Бакс”-ын жинхэнэ од нь гийсэн юм. Плей-оффын эхэнд аваргалах багийн жагсаалтад дундуур бичигдэж байсан тэд эхний шатанд “Майами”-г бут ниргээд, долоон тоглолт үргэлжилсэн асар хүнд тулааны эцэст “Бруклин”-ийг буулгаж авсан. Сүүлчийн том саадаа ийн давсан тэднийг сөрөн зогсоох өөр хүчтэй баг гараагүй юм.
Энэ улирлыг “Бакс” онцын өөрчлөлтгүй эхлүүлж байна. Гол тоглогчдоосоо алдсангүй. Гэмтэл бэртэлтэй тоглогч ч бараг алга. Аваргалж, улам туршлагажсан Яннис тэргүүтэй “Бакс”-ыг зогсоох нь бусад багт амаргүй байх нь гарцаагүй. Гэхдээ финалд тэдэнтэй ширүүн өрсөлдөх цөөнгүй баг бий. Нэн ялангуяа “Лейкерс”- ийг хамгийн эхэнд дурдах ёстой.
Хоёр улирлын өмнө аваргын цомыг өргөсөн ч өнгөрсөн жил плей-оффын эхний шатнаас мултарсан тэд алдаагаа засахын тулд энэ зун багтаа эрс шинэчлэл хийв. Тэд энэ удаад “их гурвал”-ыг бүрдүүлсэн агаад Л.Жэймс, Э.Дэвис дээр Р.Уэстбрук нэмэгдлээ. Түүнээс гадна К.Энтони, Д.Жордан, Д.Ховард, Р.Рондо, Т.Ариза зэрэг хур туршлагатай “ахмад”- аар цус сэлбэв. Өөрөөр хэлбэл, “Лейкерс” аваргалах хэмжээний баг шиг цаасан дээр харагдаж байна. Гэхдээ “ахмад” тоглогчид бүтэн улирлын турш гэмтэл бэртлээс ангид, өндөр түвшинд тогтмол тоглож чадах, эсэх нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.
ДУУЛИАНЫ ЭЗЭДТЭЙ ТОП БАГУУД
Аваргын таамагт яригдаж буй өөр нэг баг бол “Бруклин”. Гэхдээ тэдний аваргалах боломжийг бууруулж буй нэг хүчин зүйл нь холбон тоглогч, багийн лидерүүдийн нэг К.Ирвинг боллоо. Тэрбээр “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс одоо хүртэл эрс татгалзаж байгаа юм. Тиймээс вакцины бүрэн тунгаа хийлгээгүй иргэдийг битүү танхимд болох спортын тэмцээнд оролцохыг нь хориглосон Нью-Йорк, Лос-Анжелес, Сан-Франциско хотод болох тоглолтод тэрбээр оролцохгүй. К.Ирвингийн эл эсэргүү шийдвэрийн хариуд багийн удирдлага нь түүний гэрээг сунгахгүй гэж мэдэгдээд байна. Хэрэв К.Ирвинг цаашид ч вакцинаа хийлгэхгүй бол 186 сая ам.долларын гэрээг “Нетс”-тэй байгуулах боломжгүй болно. К.Ирвинг багийнхаа гэртээ хийх тоглолтуудад оролцохгүй ч “Нетс” лигийн топ баг хэвээр үлдэх боломжтой, эсвэл өндөр амжилт үзүүлж чадалгүй улирлын гол бүтэлгүйтлээр тодорч мэднэ. Дээр дурдсан багуудтай эн зэрэгцүүлэн ярих ёстой өөр нэг баг бол “Филадельфи-76”. Гэхдээ холбон тоглогч Б.Симмонс нь өөр багт очих хүсэлтээ илэрхийлж, эхний тоглолтын өмнөх бэлтгэлийн үеэр багаасаа хөөгдсөн. Ингэснээр тус багийн уур амьсгал таагүй байна. Түүнийг аль багийн ямар тоглогчдоор солихоос “Филадельфи”-гийн аваргалах боломж ихээхэн хамаарах болов уу.
“Дорнод” бүсэд цахиур хагалах боломжтой өөр нэг баг бол 2020 онд NBA-ийн финалд шалгарсан “Майами” юм. Тэд энэ зун К.Лоури, Пи.Жэй.Такерийг элсүүлэн, Б.Адебайо, Ж.Батлер, Д.Робинсон нар дээр хүч нэмэгдүүлээд байна.
Харин “Өрнөд” бүсийн талаар таамаглал дэвшүүлэхэд амаргүй. Өнгөрсөн улиралд 72.2 хувийн амжилттайгаар улирлыг тэргүүлсэн “Юта”, финалд шалгарсан “Финикс” болон улирлын үнэ цэнтэй тоглогч Н.Йокич тэргүүтэй “Денвер”, Л.Дончичийн “Даллас”, С.Көрри, К.Томпсон тэргүүтэй “Голден стэйт” гээд олон сайн баг энэ бүсэд эгнэж байна.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар