Норвегийн Осло хотод энэ сарын 2-10-нд зохион байгуулсан чөлөөт бөхийн ДАШТ-д хүч сорьсон Монголын шигшээ багийнхан эх орондоо ирлээ. Тус тэмцээнээс манай эмэгтэйчүүдийн багийнхан дөрвөн хүрэл медаль хүртсэнээс гадна шагналт байр хоёрыг эзэлж 34 улсын тамирчдаас гуравдугаарт шалгарч хүрэл цомын эзэн болжээ. Эрэгтэйчүүдийн багийнхан хүрэл медаль хоёр, шагналт байр гуравтай ирэв. Эл амжилтаараа 52 орноос зургадугаарт жагссан амжилттай. Харин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн багийн дүнгээр мөн л зургаад орсон байна. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга “Манай тамирчид нийт 20 жинд зодоглосноос есөд нь медалийн төлөө барилдсан. Эрэгтэйчүүдийн хүнд болон эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд, мөн 57 кг-д анх удаа медаль авлаа” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм.