Норвегийн Осло хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлчийн өдөр манай эмэгтэйчүүдээс Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн төлөө барилдсан. Э.Даваачимэг 57 кг-ын жинд Европын аваргын мөнгөн медальт, Украины Соломиа Винникийг 11:8-аар ялсан нь Монголын эмэгтэй бөхчүүдээс олимпын жинд медаль зүүсэн анхны тохиолдол байв. Тэгвэл 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор АНУ-ын Майя Нильсоныг 4:3-аар хожиж, гурав дахь медалиа Ослогийн дэвжээнээс атгасан юм. Тус тэмцээнд хүч сорьсон Монголын эмэгтэйчүүдийн баг тамирчид дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 34 орноос 78 оноогоор III байрт шалгарч, хүрэл цомын эзэн боллоо. Өмнө нь 2013 онд Унгарын Будапештэд болсон ДАШТ-д II байр эзэлж, мөнгөн цом гардаж байв. Энэ удаа эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Япон (196 оноо) тэргүүлж, АНУ (147) удаах байрт жагсжээ.