Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality running world cup” тэмцээнд оролцож буй Монгол Улсын багийнхан сүүлчийн буюу гуравдугаар шатанд шалгарч, аваргын төлөө өрсөлдөж байна. 230 гаруй улс оролцсон уг тэмцээний сүүлчийн шат энэ сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд манайхаас гадна Өмнөд Африк, Намиби, Английн гүйгчид хүчээ сорьж буй. Тэмцээний хагас шигшээ шатанд дэлхийн өнцөг булан бүрт байгаа 850 гаруй монгол хүн эх орныхоо багт хувь нэмэр оруулжээ. Үүнд оролцоход төлбөргүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүн “Running world cup”-д бүртгүүлэн, гүйлтийн “Strava”, “Adidas running”, “Health app”, “Google fit”, “Fitbit”, “Garmin”, “Under armour”, “Pacer” aппликэйшны аль нэгийг хэрэглэж, гүйж буйгаа баталгаажуулах журамтай. Цахим гүйлтийн эл тэмцээнд оролцсоноор хүүхдийн төлөө сайн үйлсэд нэгдэх юм. Өөрөөр хэлбэл, тэмцээнд оролцсон хүн бүр гурван км гүйх бүртээ хүүхдийн нэг ширхэг вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлаж байна гэсэн үг. Монголын багийн албан ёсны зохион байгуулагчаар Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг “MGL running channel” ажиллаж, “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе” уриалга дэвшүүлсэн билээ.