Норвегийн Осло хотод зохион байгуулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д хүч сорьсон Монголын эмэгтэйчүүдээс 62 кг-д 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Гантуяа хүрэл медаль хүртлээ. Түүний авчирсан гурав дахь медаль манай чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ээс хүртсэн 66 дахь нь болж байна. Тэрбээр шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн аварга, АНУ-ын Кайл Мираклд 4:14-өөр ялагдсан ч Европын аварга, ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар илүүрхсэн юм. Медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн хошой аварга, Бразилын Лаис Нуньес Де Оливейратай эн тэнцүү барилдаж, 7:6-гаар буулгаж авав. Тус жинд өмнө нь Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамирчин П.Орхон нар түрүүлсэн бол О.Насанбурмаа 2011 онд Истанбулын дэвжээнээс хүрэл медаль зүүж байжээ. Ташрамд дуулгахад, эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан 56 оноогоор VI байрт шалгарч, ирэх жил зохион байгуулах Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авав.
Бэлтгэсэн Г.Цэцэг