Норвегийн Осло хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д хүч сорьсон үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин, ОУХМ Т.Тулга эрэгтэйчүүдийн 65 кг-д Монголын багтаа хоёр дахь хүрэл медалийг авчрав. Тэрбээр хоёр жилийн өмнө Нур-Султанд болсон ДАШТ-д медалиас атгаад алдсан бол энэ удаа шагналын тавцанд зогслоо. Шигшээ барилдаанд 23 хүртэлх насныхны дэлхийн аварга, Японы Кайки Ямагүчийг 3:2, шөвгийн наймд Дэлхийн цомын аварга, Арменийн Вазген Теваняныг 2:1-ээр ялж, хагас шигшээд Европын аварга, ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр хожигдсон юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Рохиттэй таарч, цаг дуусахаас 20 секундийн өмнө буулгаж авав.