Норвегийн Осло хотод энэ сарын 2-10- нд зохион байгуулж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д зодоглосон Монголын хүчтэнүүдээс үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интернэйшнл” компанийн тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Лхагвагэрэл 125 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Тэрбээр дэлхийн дэвжээнд гаргасан эл амжилтаараа эх орондоо хүнд жингийн тамирчдаас медаль авчирсан анхны бөх боллоо. Тэрбээр шигшээ наймд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Гено Петриашвилид цэвэр ялагдан, дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр илүүрхэж, медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны бөх, Ази тивийн аварга Олег Болтиныг 5:3- аар буулгаж авсан юм. Манай хүнд жингийн бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө хүч сорьсон ч хараахан авч чадаагүй. Тэмцээний хоёр дахь өдрийн хагас шигшээ барилдааны 65 кг-д “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Тулга ОХУ-ын Загир Шахиевтай барилдаж 4:4 онооны чанараар хожигдож, хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Рохит Рохит, Туркийн Киличсаллаян нарын хэн ялсантай нь барилдах нь. Тэгвэл 61 кг-д Т.Түвшинтулга хүрэл медалийн төлөө Японы Тошихиро Хасегаватай барилдаж, V байрт шалгарчээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг