АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотод зохион байгуулсан байт харвааны 51 дэх удаагийн ДАШТ өндөрлөлөө. Компаунд болон рекурв (олимпын хөтөлбөрт багтдаг) төрөлд 55 орны 344 тамирчин цэц сорив.
КОМПАУНД
Эрэгтэйчүүдийн хувийн харваанд: Австрийн харваач Нико Вернер алт, Нидерландын Майк Шлессер мөнгө, Эстонийн Робин Яатми хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийнхэд Колумбын Сара Лопес түрүүллээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн болон холимог багийн төрөлд түрүүлсэн тус багийн бүрэлдэхүүнд мөн харваж, энэ удаа гурван алтан медаль өвөртлөв. Сара ийнхүү ДАШТ-ийн таван алт, нэг хүрэл медальтай болж байна.
Эмэгтэйчүүдийн хувийн харваанд: Энэтхэгийн Суреха Веннам, Мексикийн Андреа Бекерра нар мөнгө, хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн багийн харваанд: АНУ, Мексик, Австри
Эмэгтэйчүүдийн багийн харваанд: Колумб, Энэтхэг, АНУ
Холимог багийн төрөлд: Колумб, Энэтхэг, БНСУ-ын харваачид алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.
РЕКУРВ
Олимпын наадмын хөтөлбөрт багтдаг энэ төрөл олны анхаарлыг илүү татдаг. Энэ төрөлд бүх алтан медалийг БНСУ-ын харваачид авлаа.
Холимог багийн төрөлд: БНСУ, ОХУ, Туркийн харваачид алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. БНСУ-ын багт олимпын гурван алтан медальт Ан Сан, олимпын хошой алт, ДАШТ-ий дөрвөн алтан медальт Ким У Жин нар багтсан бол Туркийн багт Токиогийн олимпын аварга Мете Газоз нарын од харвалаа.
Эрэгтэйчүүдийн багийн төрөлд: БНСУ, АНУ, Тайвань,
Эмэгтэйчүүдийн багийн төрөлд: БНСУ, Мексик, Францын багийнхан алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.
Тэмцээний сүүлчийн өдөр хувийн харваанд эрэгтэйчүүдээс БНСУ-ын Ким У Жин алт, Бразилын Маркус Винисиус Альмейда мөнгө, АНУ-ын Брэдли Эллисон хүрэл медалийн эзэн болов. Эллисон ийнхүү олимпын хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалийн цуглуулгатай болов. Харин Ким У Жин энэ удаа гурав дахь алтан медалиа хүртсэн. Тэрбээр өмнө нь эрэгтэйчүүдийн болон холимог багийн төрөлд харваж, алтан зүүсэн юм.
Эмэгтэйчүүдийн хувийн харвааны төрөлд “Токио-2020” олимпоос гурван алтан медаль өвөртөлсөн БНСУ-ын, 20 настай харваач Ан Сан хагас шигшээд АНУ-ын Кэйси Кауфхолдод хожигдож, хүрэл медаль дээр буусан. Тэрбээр багийн төрөлд хоёр алт, хувийн төрөлд хүрэл медальтай нутаг буцлаа.
Гэхдээ эмэгтэйчүүдийн алтан медалийг БНСУ-ын өөр нэг харваач, Токиогийн олимпийн багийн алтан медальт Жан Ми Хэ хүртсэн юм.
“Янктон-2021” ДАШТ-ээс БНСУ таван алт, хоёр мөнгө, Колумб гурван алт, АНУ нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай, багийн дүнгээр эхний гуравт жагслаа. Мөн Австри улс тус бүр нэг алт, хүрэл, Энэтхэг гурван мөнгө, Мексик хоёр мөнгө, нэг хүрэл медалийн амжилттай эхний зургаад бичигдэв. 10 орны баг тамирчдаас Монголын рекурв холимог багийн төрөлд А.Отгонжаргал, Д.Дашнамжил нар шилдэг наймд, эрэгтэйчүүдийн хувийн харваанд Д.Дашнамжил шилдэг 16-д шалгарсныг өмнө нь мэдээлсэн билээ.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин