Дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдсэн онцгой цаг үед зуны XXXII олимпын наадмыг товлосон хугацаанаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Токио хотноо зохион байгуулж, паралимп ч амжилттай болж өндөрлөв. Наадамд 205 улс, дүрвэгсдийн гээд нийт 206 багийн тамирчид оролцлоо. Япон Улс “Токио-2020” олимпын наадмыг бүхий л хүндрэл, бэрхшээлийг даван туулж, амжилттай зохион байгуулсанд баяр хүргэх хэрэгтэй. Олимп зохион байгуулах эрх хүчирхэг багтай, найдвартай, хариуцлагатай, шаргуу ард түмний гарт байсан нь наадмыг алгасалгүй зохиох үндэслэл болсон. Энэ удаагийн олимп хүн төрөлхтөн коронавирусийн аюул заналыг ялан дийлж байгааг олон нийтэд дэлгэн харуулсан, итгэл найдвар төрүүлсэн наадам болж, түүхэнд тодоор бичигдэхээр болов. Наадмын өдрүүдэд дэлхий нийт бүгд нэгдэн, олимпоор амьсгалж, хэсэгхэн хугацаанд ч гэсэн “Ковид-19”-ийн үеийн сэтгэл зовнилоо тайлан, стрессээ арилган, анхаарлаа нэгэн чигт хандуулан, баярлан хөөрч, эерэг дулаан уур амьсгал бий болгон, үндэсний бахархлаа төрүүлж чадлаа.
Сүүлийн жилүүдэд олимпын наадам нь их гүрнүүд энх цагт өрсөлдөх тулааны талбар болсоор байна. Мэдээж үүний цаана улс орны хөгжил, улс төр, эдийн засаг, нийгмийн бодлого, нэр хүндийн асуудал бий. Наадмын медалийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл дэлхийн эдийн засгийг тодорхойлогч хоёр улсын хооронд болж, АНУ-ын баг тэргүүлэн, БНХАУ-ын баг удаалав. Зохион байгуулагч Япон Улс 27 алт, нийт 58 медальтайгаар гуравдугаарт жагсаж, олимпын түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүллээ. Бас наадмаа ч алдаа мадаггүй зохион байгуулж чадав. Бермудын арал, Филиппин, Катар улс олимпын анхны аваргаа өлгийдсөн бол Фуркина Фасо, Сан Марино, Туркменистан зэрэг улс түүхэндээ анх удаа хүн төрөлхтний наадмаас медаль хүртлээ. Нийт 93 улсын тамирчид медалийн тавцанд зогсов.
Олон улсын олимпын хорооноос энэ удаа “Agenda-2020+5” хөтөлбөр хэрэгжүүлж, өсвөр үе, залуучуудын дунд хөгжсөн, хотын спорт болох скейтборд, ханан хадны авиралт, уулын дугуй, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг төрлийг олимпын наадамд багтаав. Мөн брейк бүжгийг 2024 оны олимпын хөтөлбөрт орууллаа. Түүнчлэн спортод эмэгтэйчүүдийн оролцоог хангасан, тэмцээний дүрмүүдийг цар тахалтай холбоотойгоор өөрчилсөн, видео “challenge”-ээр шүүлтийг шударга явуулж, спортын шинэ загварын хэрэгсэл, материалыг өргөн ашигласнаараа “Токио-2020” онцлог болов.
Наадмын үеэр анх удаа олимпын урианд нэмэлт, өөрчлөлт оруулан “Хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй, өндрөөс өндөр-Хамтдаа” хэмээх болов. Энэ уриа батлагдаж, дэлхийн хамгийн хүчтэй хүн олимпын үеэр тодорч, Гүржийн хүндийг өргөгч Л.Талахадзе +109 кг жинд нийлбэр дүнгээр 488 кг жинтэй туухай өргөн (огцом өргөлт -223, түлхэлттэй өргөлт -265), дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон сайхан үйл явдал тохиолоо.
“Токио-2020” олимпын эрхийн тэмцээнүүдээс олонхыг нь цар тахлын улмаас цуцлан, цөөнгүй төрөлд тамирчдыг анх удаа рейтингийг нь үндэслэн оролцуулав. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд “Ковид-19”-ийн үед тамирчдын бэлтгэл сургуулилалт тасалдаж, хүндхэн үеийг тууллаа. Тамирчид наадмын үеэр өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, халдвар хамгааллын дэглэм чанд баримталж, анх удаагаа үзэгчгүй олимп болов. Энэ нь зөвхөн Монголын бус, дэлхийн бүх тамирчинд нөлөөлж, эрх олгох зарим тэмцээний үеэр олон зуун тамирчин халдвар авч, эмчлүүлсэн байна.
Хэдий тийм боловч дэлхийн олимп болдгоороо боллоо. 2024 оны наадам Францад, 2028 оных АНУ-ын Лос-Анжелест, 2032 оных Австралийн Брисбен хотод болох хуваарьтай. Иймээс бид одоогийн байдалдаа сайтар дүгнэлт хийн, зорилтоо тодорхой тавин биелүүлэх аваас ирэх олимпуудад өмнөхөөсөө дутуугүй амжилт гаргах боломж бий. Монголын 43 тамирчин спортын 10 төрлөөр, олимпын 40 эрх авч, Токиод очсон. Паралимпэд долоон төрөлд 11 тамирчин эрх авч, оролцсон. Эл олимпоос Монголын ард түмэн өндөр амжилт хүлээж байсан нь мэдээжийн хэрэг. Учир нь Токио манайхаас ганцхан цагийн зөрүүтэй, газар нутаг ойр дөт, тээврийн зардал бага, уур амьсгалын хувьд сөргөөр нөлөөлөх ялгаа бараг байгаагүй. Энэ утгаараа Токиогийн наадам 2008 оны Бээжингийн олимпын нөхцөлтэй төстэй байв.
Монголын спортын мэргэжлийн байгууллага болох Биеийн тамир, спортын улсын хороо “Токио-2020” олимпын наадмаас тус бүр хоёр алт, мөнгө, хүрэл, паралимпээс гурван медаль хүртэх зорилт тавьсан. Мөн Монголын үндэсний олимпын хороо тус бүр хоёр алт, мөнгөн медаль хүртэх таамаг дэвшүүлсэн. Гэтэл яагаад амласан амжилтдаа хүрч чадсангүй вэ гэдэг асуудал гарч байна. Олимпоос медаль хүртэх төлөвөө улс орнууд гаргадаг. Ингэхдээ тухайн онд төдийгүй олимпоос 1-2 жилийн өмнө болсон ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдын амжилтад тулгуурлан дүгнэлтээ гаргадаг. Амлалт хэлэх, тамирчдын амжилтын төлөвийг гаргана гэдэг нарийн тооцоо судалгаатай зүйл. Сэтгэлийн хөдлөлөөр хандаж огт болдоггүй.
Монголын ард түмэн, спорт сонирхогчид манай тамирчид олимпоос ядаж ганц алтан медальтай ирэх болов уу гэж найдсан байх. Гэтэл нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэн, 206 орноос 71 дүгээр байрт жагслаа. Хөгжлийн чансаагаар буюу нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлтээр дэлхийд 96 дугаар байрт жагсдаг Монгол Улсын хувьд энэ удаагийн олимпын амжилт чамлахааргүй үзүүлэлт гэлтэй. Паралимпийн хувьд гурван медаль авчрах зорилттой Токиог зорьсон ч Э.Содномпилжээ нэг алтан медаль хүртэн, багийн дүнгээр 57 дугаар байрт шалгарав. Харин өмнөх “Рио-2016” наадмаас хоёр хүрэл медаль хүртэж байв.
Улс орнууд спортын амжилтаа олимпоос олимпын хооронд дүгнэдэг. Манай улс “Рио-2016” олимпод спортын есөн төрөлд 43 тамирчин эрх авч оролцон, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн. Топ төрлүүдээс бокс зургаа, чөлөөт бөх 10, жүдо 13, буудлагаар гурван эрх авч байв. Харин медалийн тоо цөөн байсан ч багийн дүнгээр 206 орноос 67 дугаар байрт орж, “Токио-2020” олимпоос дөрвөн байраар дээгүүр амжилт үзүүлсэн хэрэг. Энэ үзүүлэлтээр Монгол Улс өмнөх амжилтаасаа ухарлаа гэж үзэх үндэслэлтэй.
Бид боломжоо хэрхэн ашигласан талаар мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс, энэ чиглэлээр бичдэг сэтгүүлч нар сайтар хэлэлцэх ёстой. Ингэснээрээ дараагийн олимпод сайн оролцох хөрс суурь, нөхцөлийг бүрдүүлнэ. Монголын спортын төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтад ч асуудал бий. Тэр тусмаа МҮОХ одоо хүртэл албан ёсны ерөнхийлөгчгүй байна. Биеийн тамир, спортын улсын холбоо, спортын холбоод, салбар дундын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, харилцааг зохих түвшинд хангасангүй.
Олимпын наадамд оролцуулахын тулд УИХ, Засгийн газраас үндэсний шигшээ багийн тамирчдыг бэлтгэхэд ихээхэн анхаарч, 2017-2020 онд 21.4 тэрбум төгрөг батлан өгч, шаардлагатай зардлыг гаргасан. Төр, засгаас гаргасан энэ их мөнгийг үр ашигтай зарцуулах боломж байсан. Хатуухан хэлэхэд, Монголын тамирчид олимпын эрх аваад л сэтгэл ханачихаад байна. Эрх авах нэг хэрэг. Сүмогийн спортоор бол 50 хувийн амжилтаа хийж байна гэсэн үг. Харин эрх авсан тамирчны олимпын медаль руу зүтгэх эрмэлзэл тун тааруу байлаа. Байнга яригддаг сэтгэл зүйн бэлтгэлтэй ч холбоотой байх. Сайн өрсөлдөөн үзүүлэн тэмцэлдсэн тамирчин цөөнгүй байлаа. Гэхдээ зарим тамирчин ядаж нэг хүнийг хожчих сон гэсэн сэтгэл санаа, бие бялдрын бэлтгэлгүй байв. Олимпын медаль авах нь төрийн дэмжлэгээс гадна хувь хүний хүчин чармайлтаас ихээхэн шалтгаалдаг. Тулааны зарим спортод шүүгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ шүүгчтэй нь хамт ялах, шүүгч нарт тоглолтыг эргүүлэх шалтгаан, сэдэл төрүүлэхгүйгээр сайн ажиллах ёстой байсан.
Харин жүдогийн тамирчид наадамдаа амжилттай оролцож, гурван медаль хүртэн Монголын тамирчдын нүүрийг тахлав. Үнэнийг хэлэхэд, олимпын мөнгөн медальт С.Моллай бол гадаад улсад олон жил бэлтгэгдсэн, дэлхийн аварга болж өндөр зэрэглэлд хүрсэн, өөрийн гэсэн дасгалжуулагчтай хүн. Тэр Монголд бэлтгэгдсэн тамирчин биш, улс төрийн шалтгаанаар Германд дүрвэн гарч, улмаар Монгол Улсын иргэншил авсан хүн. Үүнийг бид ялган салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэр Монгол Улсад тусалж чадсан. Харин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар нь өмнөх олимпын мөчлөгт бэлтгэгдэн, медаль авах урьдчилсан нөхцөлөө хангасан тамирчид. 2021 оны тавдугаар сард гадаадын олон улсын нэр хүнд бүхий байгууллагаас гаргасан судалгаанд тэднийг олимпоос хүрэл медаль хүртэнэ гэж ямар ч зөрүүгүй, нэр заан таамаг дэвшүүлсэн юм. Медаль хүртсэн тамирчдаас Б.Болортуяа л ганцаараа 2016-2021 оны олимпын мөчлөгт бэлтгэгдсэн байлаа.
Олимпод амжилт гаргах өндөр магадлалтай бокс, буудлага, эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ удаа медальгүй ирлээ. Манайхан байнга найдлага тавин, хүлээн харж байдаг чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын хувьд 1980 оноос хойш 41 жил олимпоос медаль хүртэж чадсангүй. Буудлагын спортынхон гурван олимп дараалан медальгүй ирж байна. Боксын тамирчин Э.Цэндбаатар хоёр олимп дараалан шагналт V байрт шалгарч, муугүй амжилт гаргав. Олимпоос медаль хүртдэг топ дөрвөн төрөлд хүндийг өргөлтийн спорт шинээр нэмэгдэн, медальд хүрэхэд ойрхон байгааг М.Анхцэцэг шагналт IV байрт шалгарсан амжилт харууллаа. Тэрбээр 2016 оны олимпод шагналт VIII байрт орж байв.
Бид яагаад “Токио-2020” олимпын наадамд шинээр нэмэгдсэн спортод тамирчдаа бэлтгэн, сонгон оролцуулж чадалгүй, зөвхөн уламжлалт төрөлтэй ноцолдоод байна вэ. Энэ удаагийн олимпод шинээр таван спортын 20 гаруй төрөл, зай нэмэгдсэнээс монголчууд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд бараг төрийн байгууллагын туслалцаагүйгээр, холбоо, дэмжигч байгууллагын оролцоотойгоор эрх авч, оролцоод ирлээ.
“Токио-2020”-ийн дүгнэлтэд үндэслэн, гурван жилийн дараа Францын нийслэл Парис хотноо болох олимпод яаж оролцох, юунд анхаарахаа бид тооцоолох ёстой. Олимпын бэлтгэлийг бага хугацаанд базаах тул одооноос ажилдаа шууд орж, шинэчилсэн төлөвлөгөө гарган, тогтвортой, тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Ямар алдаа гаргав, түүнийгээ хэрхэн засах, цаашид юун дээр голлон анхаарах вэ гэдгээ хэлэлцэн тогтоох нь зүйтэй. Миний бодлоор цаашид бид зургаан зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Нэгдүгээрт, их спортын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлсон хөтөлбөртэй болох нь чухал. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх ерөнхий хөтөлбөр бол бий. Түүнээс гадна бодитой хөтөлбөр боловсруулж, төсөв, хэрэгжүүлэх хугацаатай, тодорхой ажил, үйлчилгээг тусган, 2021-2028 онд мөрдөхөөр гаргаж, үе шаттай, нэгдсэн байдлаар, төрийн захиргааны удирдлагын зөв бүтэц, менежментээр хэрэгжүүлэх нь зүйтэй.
Хоёрдугаарт, спортын материаллаг баазыг бэхжүүлэн, бүх нийтээр спортоор хичээллэх орчин бий болгох, санхүүжилт, хөрөнгийг зорилтот чиглэлд нэмэгдүүлэх шаардлагатай. Юуны өмнө үндэсний шигшээ багийн нэгдсэн Спортын бэлтгэлийн төвийг ирэх олимпоос өмнө барьж, заал, танхим, талбайг төрөл бүрээр барих хэрэгтэй. Түүнчлэн орчин үеийн спортын хэрэгсэл, материалыг сайн хангах нь чухал. Өнгөрсөн олимпод оролцсон тамирчид зориулалтын бус, хотоос гаднах хувийн амралтын газруудад бэлтгэл хийлээ. “Ковид”-ын үе тул энэ удаа амрагч нар тэнд байсангүй. Гадаадын орнуудад үндэсний шигшээ багийнхан нь бэлтгэлээ хаалттай, тусгайлсан газарт хийдэг. Спортын бэлтгэлийн төвийг зөвхөн Улаанбаатарт бус, баруун, зүүн, өмнөд хэсэгт байгуулан, тамирчид олимп болох улсын газар зүй, цаг агаарын онцлог нөхцөлд тохируулан бэлтгэлээ базаах шаардлагатай. Ийм төвүүдтэй болсноор жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломж бүрдэнэ.
Гуравдугаарт, спортын салбарт хүний нөөц, өндөр зэрэглэлийн багш, дасгалжуулагч дутмаг байна. Тиймээс тамирчдыг олимпын медальд хүргэхээр өндөр хэмжээнд бэлтгэж чадахуйц дасгалжуулагчдыг төрүүлэх, системтэй, тусгайлсан хөтөлбөртэй сургалт явуулах хэрэгтэй. Энэ удаад үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын олимпын өмнөх сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт муу байлаа. Тиймээс спорт өндөр хөгжсөн орнуудад, ялангуяа ОХУ, БНХАУ, АНУ-д олимпын голлох төрлүүдийн дасгалжуулагч, сэтгэлзүйч, спортын эрдэм шинжилгээний ажилтан, удирдах ажилтныг бэлтгэх хэрэгтэй. Спортын зарим төрөлд гадаадын өндөр мэргэжилтэй дасгалжуулагч нарыг урьж, ажиллуулах шаардлага ч үүсжээ. Мөн спортын мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх, дээд боловсролын чанарыг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг бие даасан статустай болгож, спортын олон төрлийн дасгалжуулагчдыг нэгбүрчлэн, нарийвчлан бэлтгэх нь зүйтэй.
Дөрөвдүгээрт, спортын шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээг үндэсний шигшээ багийн хэмжээнд зохих түвшинд хийдэг боловч энэ нь хангалтгүй байлаа. Монгол Улсад спортын салбарын эрдмийн цол зэрэгтэй 50 гаруй мэргэжилтэн байгаа атал тэдний оюун ухаан, туршлагыг Токиогийн олимпод ашиглаж чадсангүй. Уг нь эрдэмтдийн судалгааны баг байгуулж, үндэсний шигшээ багт ажиллуулж, бэлтгэл сургуулилалтыг хянах, тамирчдын ачаалал, дасан зохицол, оргил амжилтын үеийг тогтоох зэргээр ажиллах хэрэгтэй байв. Цар тахлын улмаас сургалт, дасгалжуулалтын төлөвлөгөөг өөрчлөх, засах шаардлага ч байсан. Ийм арга хэмжээ аваагүйгээс олимпод орсон зарим тамирчны ачаалал нь хэтэрч, эсвэл бэлтгэл дутсан нь “Токио-2020” олимпын явцад ажиглагдлаа. Тамирчдын хурд, хүч, сэтгэл зүй, эр зоригийн бэлтгэл сул байгаа нь ч харагдсан. Спортын эрдэм шинжилгээний ажлыг зөвхөн сэтгэл зүй, анагаах ухаан, хоолоор хязгаарлахгүй, өргөн хүрээнд сэтгэн бодож ажиллах хэрэгтэй байв. Энэ тал дээр гадаадын орнуудын мэргэжилтнүүдийн туршлагыг судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага ч бий.
Тавдугаарт, тамирчдын дараагийн үеийг эртнээс бэлтгэхэд анхаарахгүй бол 2024 оны олимпын мөчлөгт амжилт гаргах шилдгүүд тун цөөн байна. Энэ удаагийн олимпод орсон жүдо, байт харваа, буудлага, чөлөөт бөх, хөнгөн атлетик зэрэг төрлийн олон тамирчин насны жамаар зодог тайлж, спортоо орхино. Иймээс авьяаслаг тамирчдын залуу халааг тасралтгүй бэлтгэн, үндэсний шигшээ багийн нөөцийг хангах хэрэгтэй байна. Монголын тамирчид нэг олимпод амжилт гаргаад, нөгөөд нь амжилтгүй оролцоод байгаагийн шалтгаан нь тэдний залуу халааг тогтвортой бэлтгэж чаддаггүйтэй холбоотой. Иймээс хүүхдийн спортын сургуулийг аймаг, дүүрэг бүрт гүйцээн байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн болон спортын байгууллагын секц, клубийн тоог нэмэх, өсвөрийн шигшээ багийг дэмжих, тэдэнтэй ажиллах багшийн ажлын байрыг гарган, цалин хөлсийг шийдэх нь чухал. Олон авьяаслаг хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөөд спортоо орхиж байна. Тиймээс их, дээд сургуулийн спортын материаллаг боломж, багшлах хүний нөөцийг ашиглан, авьяаслаг хүүхдүүдийн бэлтгэлийг тасалдуулахгүй байх ёстой. Нийслэлд 70 гаруй их, дээд сургуульд 130 000 орчим оюутан суралцаж байна. Энэ бол маш их хүч. Тиймээс нийслэлд Оюутны спортын төв байгуулан, оюутны шигшээ багийг сэргээн, тамирчдын залгамж халааг бэлтгэх учиртай. Энэхүү төвийг олон их, дээд сургуулийн дунд байгуулах ч боломжтой.
Зургадугаарт, нийтийн биеийн тамир, их спортын амжилт хоорондоо шууд холбоотой. Тиймээс нийтийн биеийн тамир, спортыг өргөн хүрээнд хөгжүүлэх, дэмжих шаардлага бий. Аль болох олон хүүхдийг спортоор хичээллүүлж, секцийн сургалтаас үндэсний шигшээ баг хүртэлх хөгжлийн түвшний бүтэц бий болгох нь чухал. Гэхдээ хүүхэд бүрийг тамирчин болгох албагүй. Хамгийн гол нь хүүхэд бүр спортод хамрагдсанаар эрүүл чийрэг болж, тэсвэр хатуужилтай, хүмүүжил, сахилга баттай, багаар ажиллах чадвартай, орчиндоо хурдан дасан зохицох, хорт муу зуршилгүй, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг болох явдал чухал. Ер нь спортоор хичээллэгч иргэдийн тоог нэмэгдүүлэх нь биеийн тамир, спортын салбарын хамгийн чухал ажил байдаг. Хэдэн хүн спортоор хичээллэж байгааг судлан гаргаж, үзүүлэлтийг нь жил бүрээр ахиулахаар тооцон, төлөвлөх хэрэгтэй.
Ийнхүү олимпын дүгнэлтийг тус тусдаа гарган, өргөн олон түмнээр нэгтгэн хэлэлцүүлж, асуудлыг шийдвэр гаргах түвшинд тавьж ярилцах хэрэгтэй байна. Учир нь олимпод оролцох нь зөвхөн биеийн тамир, спортын салбарын ажил биш, салбар дундын олон байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа чухал. Юуны түрүүнд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, тусгай хүчний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын дэмжлэг, олон нийтийн оролцоо зэргээс ихээхэн хамааралтай хөгждөг. Олимпын наадамд оролцогч баг тамирчдаа цаашид хэрхэн дэмжих талаар гаргасан энэхүү санал, санаачилга нийтлэл маань спортын үйл ажиллагаанд бага ч болов хувь нэмэр оруулах болов уу хэмээн найдан бичлээ.
Д.Жаргалсайхан