ОХУ-ын Москва хотод энэ сарын 18-25-нд зохион байгуулсан, 58 дахь удаагийн боксын Армийн ДАШТ-д 39 орны 300 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн таван жинд өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр нарын удирдлагад оролцсон “Алдар” спорт хорооны тамирчдаас эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах Замби улсын Эверисто Муленког ялж, мөнгөн медалийн төлөө ОХУ-ын Дмитрий Двалитай тулалдан хүрэл медаль хүртэв. Түүний төрсөн ах, Ази тивийн аварга Х.Энх-Амар 56 кг-д Алжирын Усама Моржанег буулган авч, аваргын төлөө эзэн орны Овик Огасннисянд ялагдсанаар мөнгөн медаль өвөртөлсөн. Тэгвэл эмэгтэйчүүдээс 57 кг-д Т.Болортуул Беларусийн Галина Бруевичийг илүүрхэж, аваргын төлөө мөн л хойд хөршийн Гавьяат тамирчин Дарья Абрамоватай тоглож, мөнгөн медаль хүртсэн юм. Сонирхуулахад, Х.Энх-Амар, Т.Болортуул нар тулааны спортоор хичээллэдэг гэр бүл. Тэд Сербийн Белград хотод ирэх сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 7-нд болох сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох аж.