Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүд сарын 9-нд МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасаж буй талаараа мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр гавьяат тамирчин маань тус холбооныхонд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ өгч, хадаг барин сөгдлөө. Тэрбээр энэ үеэр "Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Сүүлийн удаа боломж олгож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргах боломж олгоно уу" гэв. Мөн иргэдийн төлөөлөл МБХ-нд Э.Цэндбаатарыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах хүсэлт гаргаж, Спортын төв ордны өмнө гарын үсэг цуглуулж буй аж. Одоогоор тус хүсэлтэд 500 гаруй иргэн гарын үсгээ зурсан байна. Ташрамд дурдахад, МБХ-ны удирдах зөвлөл удахгүй хуралдаж, шийдвэр гаргах юм байна.