Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит буудлагын тэмцээн Зэвсэгт хүчний cургалтын төвд энэ сарын 9-нд эхэлсэн. Тус тэмцээний хаалт өнөөдөр болж, шилдгүүд тодорно. Тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн 120 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьж буй. Тухайлбал, тэмцээнд Хил хамгаалах байгууллагыг төлөөлж хилийн 0303 дугаар тусгай салбар, хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ны хамтарсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Харин удирдлагын буудлагын төрөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон ХХЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ, Хүний нөөц бодлого зохицуулалтын газрын дарга, хурандаа Б.Батмөнх, Хууль эрх зүйн хэлтсийн дарга, хурандаа М.Батсайхан нар цэц мэргэнээ сорьж байна. Нийт тамирчид гар буу, карбин, бүлгийн мэргэн буудагч, холимог, удирдлагын гэсэн нийт таван төрлөөр оролцож буй.
Ташрамд дурдахад, өмнөх жилүүдэд эл тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор, түүний нэрэмжит болгон зохион байгуулж ирсэн. Харин өнөө жилээс Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон зохион байгуулж буй.