Хакүхо М.Даваажаргал дэвжээнийхээ бөхчүүдтэй энэ сарын 13-нд эхлэх Аки башёг өнжихөөр болсныг Японы Сүмо бөхийн холбооноос зарлав. Мияагино дэвжээнд харьяалагддаг Хокүсэихо коронавирусийн халдвар авсан тул дээд зиндааны бөхчүүд гэртээ тусгаарлагдаж байгаа аж. Тус холбооны дүрмийн дагуу башё эхлэхээс 14 хоногийн өмнө бөхчүүдээс нэг нь халдвар авсан тохиолдолд дэвжээгээр нь барилдуулахгүй. Долдугаар сарын башёд Хакүхо, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар нэг ч унаагүй аваргын төлөө зодоглож, Хакүхо давснаар 45 дахь түрүүгээ хүртсэн. Тэгвэл Г.Ган-Эрдэнэ энэ башёгоос ёкозүна цолтой барилдана. Токиогийн Рёогокү кокүгикан ордонд Сүмо бөхийн холбооны шинэ бөхийн шалгалт болоход таван бөх тэнцжээ. Тэдний дунд өнгөрсөн жил оюутны ёкозүна болсон П.Дэлгэрбаяр багтсан байна. Тэрбээр Болгарын сүмоч Котоошюүгийн удирддаг “Нарүто” дэвжээнд элсэж, ирэх арваннэгдүгээр сарын башёд Оошёоүма нэрээр барилдах нь.