АНУ-ын Вашингтон муж улсад өнгөрсөн сарын 29-нд зохион байгуулсан дугуйн спортын аварга шалгаруулах тэмцээнд Монголын ахмад тамирчин, ОУХМ Ц.Ганболд оролцож аварга болжээ. Тэрбээр “Мастер 60+” ангиллын ганцаарчилсан гараатай 40 км-ийн замд хурд сорьж, тэргүүлсэн байна.
Өмнө нь тэрбээр Энэтхэгийн Дели хотод 1982 онд болсон Азийн наадмаас эх орондоо мөнгөн медальтай ирсэн бол 1989 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Энхтайвны замаар” олон улсын олон өдрийн уралдаанаас хошой хүрэл, “Эрхүү-Улаанбаатар”-аас алтан медаль хүртэж байв. АНУ-д амьдарч буй тэрбээр тус улс дахь Монгол дугуйчдын холбооны тэргүүнээр ажилладаг аж.