“Токио-2020” олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллай, хүрэл медалийн эзэн болсон М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт Монголын үндэсний олимпын хороо өчигдөр хүндэтгэл үзүүлж, байгууллагын дээд шагнал “Алтан од” одонгоор шагнан, энгэрийн тэмдэг гардууллаа. Олимпоос медаль хүртсэн тамирчид үүнийгээ байнга зүүж явах боломжгүй учраас тухайн хүнийг олимпын медальтан гэдгийг нь батлан энгэрийн тэмдэг олгодог аж. Уг тэмдгийг өдөр тутам зүүх боломжтой бөгөөд спортын алдартнуудын амжилт, ялалтын үнэ цэнийг харуулдаг, дэлхий дахинд түгсэн, онцгой дурсгал юм байна. Түүнчлэн “Токио-2020” олимпод оролцсон 43 тамирчинд олимпод оролцогчийн энгэрийн тэмдэг удахгүй гардуулах аж.
Ташрамд дурдахад, мөнгөн медальт Саид Моллай ХБНГУ-д байгаа учраас одон, тэмдгийг нь Монголын жүдо бөхийн холбооны төлөөлөлд хүлээлгэн өгчээ.