Олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээн тааварлашгүй явдлаар дүүрэн өрнөдөг уламжлалтай. Энэ жил л гэхэд хасагдах шатанд Аргентин, Герман, Францын баг шалгарсангүй. Тэдний араас Кот д`Ивуарын багт золтой л хожигдоогүй Испанийн баг орох дөхөв. Тодруулбал, өнгөрсөн сард болсон Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарсан бүрэлдэхүүнээ Японд авчирсан испаничууд медальгүй буцах дөхлөө.
Тоглолтын 10 дахь минутад Э.Байи эхний гоолыг оруулсан бол 30 дахь минутад Д.Ольмо тоог тэнцүүлсэн байна. Гэвч шүүгчийн мэдлийн цагт буюу 91 дэх минутад М.Градель багтаа тэргүүлэл авчирснаар Африк тивийн төлөөлөл хагас шигшээд шалгарах боломжтой болж ирлээ. Гэвч 92 дахь минут. Испанийн багийн “аврагч” Р.Мир талбайд сэлгээгээр орж ирэв. 93 дахь минут. Тэрбээр талбайд гараад 58 минут болсны дараа эхний хүрэлтээрээ гоол оруулж, тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлэв. Олимпын наадмын түүхэнд хөлбөмбөгийн тэмцээний хасагдах шатанд (эрэгтэй, эмэгтэй) шүүгчийн мэдлийн цагт хэзээ ч хоёр гоол орж байгаагүй аж. Улмаар хоёр баг цаг сунгаж тоглоход ивуарчуудын гаргуун тоглолт алга болж, хаалгандаа гурван гоол алдав. Хоёрыг нь тоглолтын баатар Р.Мир хийснээр тус тоглолтод нийт гурван гоол оруулжээ. Ийнхүү тэрбээр 2008 оноос хойш анх удаа олимпын наадмын хасагдах шатанд хет-трик хийсэн тоглогч болсон байна.
Хасагдах шатны бусад тоглолтууд ч мөн сонирхолтой өрнөж байна. Шөвгийн наймд Мексикийн баг БНСУ-ыг 6:3 харьцаатай буулгаж авсан. Ерөөс мексикчүүд Токиод тун үзүүштэй тоглолт үзүүлж байгаа бөгөөд хэсэгтээ Францыг 4:1-ээр бут ниргэж, ӨАБНУ-ын багийг мөн л олон гоолын зөрүүтэй (3:0) хожсон юм. Энэ шатанд Бразилын баг Египетийг тун даруухан тоогоор буюу М.Куньягийн ганц гоолоор хожжээ. Ташрамд дурдахад, мэргэн буучдын жагсаалтыг таван гоолтой тэргүүлж буй Ришарлисон түүнд гоолын дамжуулалт өгсөн аж. Талбайн эзэн багийн хөлбөмбөгчид мөн шилдэг дөрвөн багийн нэгээр тодроод байна. Тэд Шинэ Зеландтай үндсэн цагт 0:0ээр тэнцээд торгуулийн цохилтоор (4:2) ялалт байгуулжээ.