Ц.Оюутбилгүүн гогоор олон жил хичээллэж, ур чадвараа ахиулан амжилт гаргасан тамирчдын нэг. Тэрбээр одоо III дантай, 117 тамирчнаас чансаагаараа II байрт жагсдаг. Дээд лигийн тэмцээнд нэг бус удаа тэргүүлж, аваргаар шалгарсан удаатай. УАШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн түүнтэй ярилцлаа
-Оюуны спортын төрлүүдээс го хамгийн өвөрмөц нүүдэлтэй нь. Та хэнээр заалгаж анх сурсан бэ?
-Надад го заасан багш бол Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөхөөр ажиллаж байсан Кикүчи Минорү. Бид одоо ч холбоотой байдаг. Миний хувьд 1998 оноос өнөөг хүртэл тоглож байна. Дипломатч Б.Жаргалсайхан, Гавьяат багш, доктор, профессор, академич С.Мөөмөө гуай нар Монголд гог анх дэлгэрүүлсэн юм. Аав минь Монголын Гогийн холбооны ерөнхийлөгчөөр нэг хэсэг ажилласан. Би гог сонирхон тоглодог болсон үеэсээ ганцаарчилсан болон хос тоглолтын УАШТ, Монгол дахь Япон, БНСУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр зохион байгуулдаг цомын төлөөх тэмцээнд амжилттай оролцож, нэг бус удаа түрүүлсэн. Намайг го сурч байхад олон хүүхэд хичээллэдэггүй байв. Харин одоо бол олон хүн тоглодог болжээ.
-Го эртний түүхтэй хөлөгт тоглоом. Уг спортыг судалж, сурах тусам сонирхол их татдаг тухай олон тоглогчоос сонсож байлаа.
-Оюун спортуудаас го өрөг дээрх хамгийн өвөрмөц тоглолтыг харуулдаг. Тоглох арга барил нь шатар, даамаас өөр. Азийн орнуудаас Япон, БНСУ, БНХАУ-д өндөр түвшинд хөгжсөн. Европын шилдэг тоглогчдыг хождог хамгийн хүчтэй өрсөлдөгчид эдгээр улсад л байдаг. Эл спорт Хятадад 4000 жилийн өмнө үүссэн. Хаан, түшмэл, ноён, цэргийн жанжид ордонд төрийн бодлогын талаар хэлэлцэж, го тоглох зуураа дайн, байлдааны тактик боловсруулдаг байсныг гэрчлэх түүх бий. Япон, Хятад, Солонгос улс цэргүүдээ хүчирхэг байлгаж, дайсандаа байлдааны уран арга хэрэглэн буулгаж авахыг эртнээс зорьж ирснийг ч энэ тоглоом бас илэрхийлдэг. Тиймээс Азийн орнууд хүүхдүүдийн оюун санааг хүчирхэг байлгахын тулд багаас нь гогоор хичээллүүлж, сонирхогч, мэргэжлийн тамирчин болгодог. Орчин үед го оюуны спортын нэгэн төрөл болж хөгжиж байна.
-Гог багаасаа сурвал амжилт гаргаж, мэргэжлийн тамирчин болох магадлал өндөр байдаг юм билээ.
-Тийм ээ, амжилтад хүрэхээс гадна зөв хүн болж төлөвшихөд их нөлөөлдөг. Го тоглох соёл гэж бий. Тоглогчид хөлөг, чулуугаа их хүндэлдэг. Япон багш минь тэр бүхнийг надад заасан. Найман настайдаа тэмцээнд анх оролцохдоо хожиж, хожигдож үзээгүй байсан болохоор зүгээр л сонирхох маягаар тоглосон санагдана. Монголд дөнгөж дэлгэрч байсан тэр үед том хүн, хүүхэд гэлтгүй хамтад нь го заадаг байсан юм. Миний ажигласнаар бол томчууд хүүхдүүдээс түрүүлж сурдаг. Тэд эхэндээ туршлага зааж, хүүхдүүдийг хождог ч хэдэн жилийн дараа дийлж чадахааргүй болдог. Спортын ямар ч төрлөөр хичээллэхдээ сууриа сайн тавивал амжилтад хүрдэг шүү дээ. Түүнтэй адил хүүхдүүдэд гог зөв заавал цаашид амжилт гаргах боломж нээгддэг. Го тоглоход нас хязгаарладаггүй. Гэхдээ тамирчдад амжилт гаргах оргил үе гэж бий. Тухайлбал, 1000 хүүхэд таван настайгаасаа тоглолоо гэхэд зөвхөн 20 нь мэргэжлийн тамирчин болох жишээтэй. Мэргэжлийн тамирчин болохоор зорьсон хүүхдүүд бусад шигээ сургуульд сурч, ерөнхий боловсрол эзэмших боломж ховор. Зөвхөн гогоор дагнан хичээллэж, ирээдүйн амжилтад тэмүүлдэг.
-Мэргэжлийн тамирчид голдуу хэдэн настайдаа амжилт гаргах магадлал өндөр вэ?
-Залуу насандаа амжилт гаргах оюуны спортын нэг төрөл бол го. Мэргэжлийн тамирчид 18 нас хүрсэн бол хойшид амжилт гаргах боломж нь багасдаг. Шинэ залуу тамирчид хүч түрэн гарч ирэхэд мэргэжлийнхэн ялах амаргүй. 18 наснаас хойш сэтгэн бодох чадвар нь хүүхэд байх үеийнхээсээ мууддаг. Тэд 20 наснаас хойш тамирчид бэлтгэхээр багш дасгалжуулагч болдог тал бий. Мэргэжлийн тамирчид дундаа амжилт гаргах хүмүүс нь онцгой сайн тоглодог. Сонирхогчийн түвшнээс сайн тоглоод мэргэжлийн тамирчин болсон тоглогч цөөнгүй. Зарим нэг нь мэргэжлийнх рүү ороод амжилт үзүүлж чадахгүй бол сонирхогчийнхоо түвшинд тоглосон нь дээр гэж үздэг. Хэрвээ мэргэжлийн түвшинд амжилт гаргасан тохиолдолд амьдралыг харах өнцөг, хандлага өмнөхөөсөө өөр болж эхэлдэг.
-Монголын тамирчдаас одоогоор хэн хамгийн өндөр амжилт гаргав?
-Манай тоглогчдоос хамгийн сайн амжилт гаргасан нь одоогоор Ц.Сансар. Тэрбээр V дантай. Гогийн тамирчдаас Ц.Төгсбилэгт өрөг дээр сонирхолтой тоглолт харуулдаг. Надтай хамт хичээллэсэн хүүхдүүдээс Ц.Төгсбилэгт, Р.Эрдэнэтулга нар хүчтэй өрсөлдөгч болсон. Бидний үеийнхнээс сайн тоглодог нь Э.Оюунболд байлаа. Гогийн тамирчдын баримталдаг зарчим хожихоос илүү хожигдохгүй байхыг эрхэмлэдэг. Хожих гэж тогловол өрсөлдөгчийнхөө талбай руу довтолж, дайрсаар тактикийн алдаа гаргадаг. Тиймээс тайван, тооцоолж тоглох нь чухал. Тоглолтын дүрэм их энгийн. Гол зорилго нь цэргийн стратегийн дүрэм шиг өрсөлдөгчөөсөө илүү талбай эзлэх. Хэдийгээр энгийн дүрмээр тоглодог ч тоглогчдоос чамгүй хөдөлмөр, ур ухаан, цаг хугацаа шаарддаг. Год оюуны спортын бусад төрөл шиг давуу тал их бий. Олон цаг тэвчээртэй сууж, бэлтгэл хийсний үр дүнд өрсөлдөгчдийнхөө тоглох арга барил, тактикийг судалж чаддаг. Бид дуртай зүйлдээ анхаарал хандуулсан үедээ цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаардаггүй.
-Мэргэжлийн тамирчдаас хэнийг хүндэлж, тоглолтыг нь сонирхож хардаг вэ?
-Мэргэжлийн тамирчдаас БНСУ-ын Ли Чанг Хог хүндэлдэг. Түүний тоглолтуудыг бүр биширч үздэг юм. Тэрбээр гогийн ертөнцөд тоглолтоороо шуугиулж, 10 жил тэргүүлсэн. Түүнийг ялах өрсөлдөгч тэр үед байгаагүй. Багш нь гогийн мэргэжлийн алдартай тоглогч. Ли Чанг Хогийн тоглох арга барил маш энгийн. Хөлөг дээр ямар ч алдаа гаргахгүй тайван тоглоно. Алгуурхан урагшилсаар өрсөлдөгчийнхөө талбайг эзэлж ялдаг. Түүний сэтгэл зүйгээ сайн мэдэрч хянадаг байдал, хүлээцтэй, тэвчээртэй зан нь амжилтад үргэлж хөтөлдөг.
-Гогийн тоглогчид хөлөг, чулуундаа нэлээд ач холбогдол өгдөг. Хүндэлдэг нь үүнтэй ч холбоотой байх?
-Гогийн хөлөг, чулуу нь чанар, өртгийн хувьд өөр байдаг. Тухайлбал, хөлөг нь мод, чулууг нь чулуугаар хийсэн байвал өндөр үнэтэй. Надад Япон, БНСУ-аас сонгож авсан гогийн зургаан хөлөг, чулуу бий. Хүүхэд байхад минь гогийн хөлөг, чулуу элбэг байгаагүй тул өөрөө хийж, тэмцээнд тоглодог байлаа.
-Гадаадын ямар ямар тэмцээнд оролцож байв?
-Миний хувьд БНСУ, БНХАУ, Японд болсон гогийн тэмцээнд оролцсон. БНСУ-д гогийн сургуульд сурч байхдаа сонирхогчийн ангиллын олон улсын тэмцээнд I дантай оролцож, III дан хүртсэн. БНСУ-д дан олгох тэмцээнд гогийн сургуульд сурдаг гадаадын тоглогчид ч бас оролцдог. Сүүлийн үед ОХУ-ын тамирчид гогийн тэмцээнд амжилттай оролцох болсон. Олон улсын тэмцээнд оролцоход миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Оросын тамирчин байлаа. Түүнийг хожиход тэмцээн үзсэн хүмүүс намайг бүчээд авч билээ. Надад гадаадын тэмцээнүүдээс тэр хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Хойд хөршийн тамирчид оюуны спортод хүчтэй өрсөлдөгч байдаг. Тэднийг хожих амаргүй. БНСУ, Хятад, Япон, Тайвань, Хонконг өндөр амжилт гаргасан мэргэжлийн тамирчидтай. Сүүлийн жилүүдэд Европын орнууд мэргэжлийн тамирчинтай болж байгаа нь го дэлхийд хурдацтай түгэн дэлгэрч байгаагийн илрэл юм.
-Азийн орнуудын мэргэжлийн тамирчид тэмцээнд тунаж, аваргын төлөө хүчтэй өрсөлддөг биз?
-Тухайн орны хөгжлийн түвшнээс тамирч- дынх нь ур чадвар, туршлагыг харж болно. Тэр тусмаа АНУ-аас оролцдог ихэнх тамирчин Хятадынх байдаг. Тэд өөрийн орны шилдгүүдээс илүү амжилт үзүүлэх боломжгүй бол Европын орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог. Тэмцээний эхний 10 байрт Азийн тоглогчид жагсдаг. Амжилт гаргасан тамирчдын зан чанарыг судлахад Азийнхны тайван, алсыг харсан ухаан, хүлээцтэй байдал их нөлөөлсөн байдаг юм. Сүүлийн үед Европоос Герман, Нидерландад го өндөр хөгжиж, тамирчид нь хүч түрэн орж ирж байгаа. Хятад, Япон, БНСУ-ын тамирчид өөрийн гэсэн онцлогтой. Япончууд тайван тогтуун тоглодог бол Хятадууд довтолж давшдаг. Солонгосчууд хамгийн сайн тоглогчидтой. Тэдний тоглох арга барил япончуудынхтай ойролцоо. Хятадууд өрөг дээрх гараагаа байлдах маягаар хурдан, огцом эхэлдэг, өрсөлдөгчдөө бодож, төлөвлөх боломж бараг олгодоггүй. Гогийн тоглолтод хурдан нүүж, давуу талаа харуулах нь чухал. Зарим тамирчин тоглолтын цагт баригдсаны улмаас хожигдож байгаа нь ч харагддаг.
-Гог амьдралын баталгаа, зорилго болгосон мэргэжлийн тамирчин хэр олон байдаг бол?
-Азийн орнуудад олон бий. Тэр ч хэрээр олон тоглогч мэргэжлийн тамирчин болохоор өрсөлддөг. БНСУ-д мэргэжлийн, сонирхогчийн гэсэн тэмцээн болдог. Мэргэжлийн тамирчид өндөр шагналын сантай тэмцээнд өрсөлддөг. Би БНСУ-д сонирхогчийн түвшинд тамирчид бэлтгэдэг сургуульд сурсан. Япон, Хятадад жилд таван тоглогч мэргэжлийн тамирчин болдог бол Европт нэг л тоглогчид ийм боломж олддог юм билээ.
-Та хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцов?
-Миний хувьд ажил, амьдрал руугаа анхаарал хандуулаад го тоглох минь цөөрөөд л байгаа. Цар тахлын улмаас Монголд сүүлийн хоёр жил тэмцээн зохион байгуулсангүй. Би УАШТээс нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн. Гогийн хос тоглолтын тэмцээн их сонирхолтой болдог. Монголд 2004 онд хос тоглолтын ДАШТ болоход III дантай Р.Тунгалагтай оролцож байв. Тэр жил БНСУ-ын тоглогчид түрүүлсэн санагдана. Өнгөрсөн жил зохион байгуулсан УАШТ-д Р.Тунгалаг түрүүлж, би удаалан, Ц.Сансар III байрт шалгарсан. Би Ц.Сансарыг, Р.Тунгалаг намайг хожиж байлаа. Манай тоглогчид чөлөөт цагаараа цахимаар тоглодог. Го сонирхогчдын 41 дэх удаагийн ДАШТ ОХУ-ын Владивосток хотод өнгөрсөн сард болоход Монголын тамирчдаас I дантай Б.Долгорсүрэн цахимаар оролцож, С ангилалд тэргүүлэн ерөнхий дүнгээр 58 орноос 38 дугаар байр эзэлсэн.
-Монголд гог хамгийн олон жил тоглож байгаа тамирчин нь та гэл үү?
-Тийм ээ, 23 жил тасралтгүй тоглож байна. Гогийн спорт миний амьдралын салшгүй хэсэг болсон. Тоглохгүй удвал үгүйлдэг. Завтай үедээ интернэтээс тоглолтын өрөг харж, судлан өөрийгөө байнга хөгжүүлдэг.
-Хүүхдүүдийг гогоор хэдэн наснаас нь хичээллүүлбэл тохиромжтой вэ?
-Сүүлийн үед хүмүүс хүүхдүүдээ гогоор хи- чээллүүлэх сонирхолтой болжээ. Зургаан настайгаас нь хичээллүүлэхэд тохиромжтой гэж үздэг. Учир нь өрөг дээр чулуу тоолж тоглодог болохоор тоо мэддэг болсон үед заах нь зөв. Монголд сайн тамирчид бэлтгэхийн тулд мэргэжлийн дасгалжуулагчдыг Азийн орнуудаас урих хэрэгтэй. Азийн өндөр хөгжилтэй орнуудад хүүхдүүдийг багаас нь гогийн мэргэжлийн тамирчнаар бэлтгэдэг сургууль бий. Багш нар нь хүүхдүүдийг өглөөнөөс орой болтол уйгагүй бэлтгэл хийлгэж, амжилтад хөтөлдөг.
-Токиогийн олимпын наадмын тэмцээнд Монголын тамирчид өрсөлдөж байна. Та спортын ямар төрлийг сонирхон үзэж байна вэ?
-Би сагсан бөмбөгийн тоглолтыг сонирхож хардаг. Токиогийн олимпын наадамд оролцсон Монголынхоо сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэй- чүүдийн багийнхаа тоглолтыг дэмжиж үзсэн.