Хүн төрөлхтний эв нэгдлийн наадам өрсөлдөөнтэй ч эгэл даруу өрнөж байна. Тив дэлхийн шилдэг тамирчид энд хурд, хүч, авхаалжаа сорьсоор гурав дахь өдрөө ардаа үдлээ. Олимпын наадамд ихрүүд, ах дүүс оролцож байгаа нь үзэгч түмнийг хөгжөөж бас бишрүүлж буй. Тухайлбал, Их Британийн гимнастикийн ихэр тамирчид Жессика болон Женнифер Гадирова. Азербайжан гаралтай ч Ирландын Дублин хотод төрж, өссөн 16 настай ихрүүд олимпод хамтдаа оролцохоор иржээ.
"Токио-2020"-д түрүүлэх зорилготой ирсэн Японы алдарт жүдочид болох ах, дүү хоёр Абэ санасандаа хүрч сарвайснаа авлаа. 2018 онд мөн адил нэг зэрэг дэлхийн аварга болж байсан баялаг түүхтэй тамирчид маань дөрвөн жилийн турш зөвхөн алтан медаль авахын төлөө бэлтгэл дасгалаа хийжээ.