Токиогийн олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнслэн явуулж байна. Монгол Улсаас жүдогийн Т.Энхцэцэг, байт харвааны Э.Саруул, хүндийн өргөлтийн Л.Одгэрэл, боксын О.Мандахбаяр, Ц.Цогтгэрэл нар олимпийн наадмыг шүүхээр сонгогдсон юм. Өнөөдөр бокс, жүдо бөхийн төрлүүдэд Монгол шүүгч ажиллажээ.
Олимпын шүүгчээр сонгогдсон Мандахбаярын аав Р.Отгонбаяр 1982 онд Германд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын боксчдын анхны дэлхийн медальтан тамирчин юм.
Олимпын шүүгчээр ажиллаж буй Ц.Цогтгэрэл Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан юм. ОУСБХ/АИБА/-ны 3 од буюу олимпын зэрэглэлийн шүүгч, тив, дэлхийн болон олон улсын томоохон тэмцээнийг амжилттай шүүж байсан туршлагатай.
Олимпын жүдо бөхийн төрлийг шүүх Монголын анхны эмэгтэй шүүгч Т.Энхцэцэг тус төрлийг дэнслэх дэлхийн шилдэг 16 шүүгчийн нэг юм.
Олимпын байт харвааны төрлийг шүүх Монголын анхны эмэгтэй Э.Саруул тус төрлийг дэнслэх дэлхийн шилдэг 14 шүүгчийн нэгээр нэрлэгдсэн.
Олимпын хүндийг өргөлтийн төрлийг шүүх Монголын анхны эмэгтэй Л.Одгэрэл ДАШТ-д шүүгчээр 7 удаа уригдаж, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпийн наадмыг шүүсэн.