Монголын үндэсний олимпын хороо болон Спортын сэтгүүлчдийн холбооноос “Токио-2020”-ыг сурвалжлах 10 хүний үнэмлэхийг өнөөдөр гардуулав. Тодруулбал, тус холбооноос найман сэтгүүлч, хоёр зурагчинд хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпын наадмыг сурвалжлах эрх олгожээ. Дээрх сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага багтсан байна. Тэрбээр, тус сонинд 20 жил ажилласан бөгөөд гурван удаагийн Азийн наадам, “Пёнчан-2018” өвлийн олимпыг сурвалжилж байсан туршлагатай. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
- Спортын сэтгүүлчдийн холбооны 2014 оны "Шилдэг гэрэл зурагчин"-аар шалгарч Р.Чулууны нэрэмжит шагнал авсан.
- 2016 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль",
- 2017 онд “Балдорж шагнал”-ын гэрэл зургийн төрөлд түрүүлж, шилдэг 10 сэтгүүлчийн тоонд багтсан бөгөөд улсын хэмжээний гэрэл зургийн уралдаануудаас 30 шагнал хүртсэнээс 10 гаруйд нь тэргүүн байр эзэлсэн аж.
Эх орноо төлөөлөн түүхэн үйл явдлын гэрч болж, гэрэл зурагт мөнхлөх их үйлсийг бүтээж буй сурвалжлагч, гэрэл зурагчиддаа амжилт хүсье.