Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.Тэрбээр 34 дахь өдрөө гүйж, Улаанбаатар хотод уржигдар ирсэн. Тэрбээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон боловч, Үндэсний баяр наадам хойшилсон тул үргэлжлүүлэн гүйж, Дорнод аймагт хүрэхээр төлөвлөжээ.
Өчигдөр түүнийг Батлан хамгаалах яамны удирдлага хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ 5 сая төгрөг, цэргийн дүрэмт хувцсыг гардуулан өгсөн юм.
Байлдагч, ахлах ахлагч Э. Даваажамцын 35 дахь өдрийн гүйлт өнөөдөр өглөө 06.00 цагт Найлахаас эхлүүллээ. Тэр одоогоор яг 1500 км зам туулжээ. Түүний дараагийн зорилго Дорнод аймаг Чойбалсан хот билээ.
Зогсолтгүй, нэг хэмнэлээр аажуухан хөнгөн гүйх цэрэг эр өглөө мандаж, үдэш жаргах нарыг, дорнын цагаан сарыг, гүн хөх тэнгэр хэрхэн эрдэнэс шиг гялалзах одод болж хувирахыг Дорнодын их талд харж, тэрхүү урам, эрч хүч, урам зоригоо залуус, дүү нартаа түгээх нь дамжиггүй. Аян замд нь өлзий дэмбэрэлтэй ерөөлийг дэвшүүлье.