Дарга нар Тулгар төрийн 2230, Их монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг заавал зохион байгуулна гэсэн. Тодорхой хэлбэл, Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос дээдсүүдийн таашаалд нийцүүлэн энэ жилийн улсын баяр наадам үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулах шийдвэрийг гаргасан юм. Үүний дагуу Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдэд дараах чиглэлийг хүргүүлжээ.
Үүнд:
1. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн дэвжээд барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг 2021 оны долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд МҮБХ-нд албан ёсоор ирүүлнэ. (QR кодтой, пластик мандат олгох тул дэвжээд бөхчүүдийнхээ зургийг заавал ирүүлэх шаардлагатай!)
2. Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй (бүртгэл, гэрчилгээ тамгагүй байгаа) зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 2021 оны долдугаар сарын 4-ний 10.00 цагаас долдугаар сарын 5-ны өдрийн 16.00 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр МБӨ-нд ирж бүртгүүлнэ,
3. Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батална.
4. Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 08.00-20.00 цагт МБӨ-нд Ковидын /PCR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан, мандатаа авна. (Вакцины 2 тунд хамрагдсан бичгээ авч ирнэ)
5. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн долдугаар сарын 10-ны өглөө 08.00 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.
6. Бөхийн барилдаан долдугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд гурав хоног үргэлжлэх бөгөөд долдугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагаас нэгийн даваа эхэлж, 16.00 цагаас хоёрын даваа явагдаж, өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана.
7. Бөхийн барилдаан нь 2021 оны зургадугаар сарын 12-нд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явна. (Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй гэх мэт) Харин Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт наадмаас өмнө УИХ-аар батлагдаж амжихгүй болсон байна.
8. Бөхийн дэвжээд 2021 оны долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ (11, 12-нд барилдах) амрах гэр, майхныг барина.
9. Бөхийн дэвжээд барилдаан болох талбайд өөрийн гэрээ барьж, даваа хооронд бөхчүүдээ амраана.
10. Бөхийн барилдааны гурвын даваа долдугаар сарын 11-ний өдрийн 09.00 цаг, дөрвийн даваа 13.00 цаг, тавын даваа 16.00 цагаас тус тус явагдана.
11. Бөхийн барилдааны зургаагийн даваа долдугаар сарын 12-ны 10.00 цаг, долоогийн даваа 13.00 цаг, наймын даваа 15.00 цаг, есийн даваа 16.00 цаг, арвын даваа 17.00 цагаас тус тус болно.
12. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд “Ковид-19” цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөнө.