Монголын авто мастеруудын холбооны тэргүүн, TV5 телевиз, “Батжандаг” компанийн тамирчин, спортын мастер Х.Улам-Өрнөх авто спортын шилдгүүд болох Д.Болдбаатар, Ш.Гомбодорж, Л.Ариунболд нарын араас шил дарж яваа. Аавын хөвгүүд зориг гаргаж уралдаад байдаггүй мастер кроссоос тэрбээр олон түрүүтэй.Тухайлбал, Говьсүмбэр аймагт 2017 онд болсон кросст, дараа жил нь “BAJA 250” авто спортын олон төрөлт бартаат замын уралдааны УАЗ, UTV ангилалд, 2019 онд Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Чингис мастер кросс”-т тус бүр аваргаар шалгарч, алтан цом гардсан. Төв аймгийн Бүрэн сумаар овоглодог тэрбээр авто спортоос гадна морь уяж, улс, бүсийн наадамд уралдуулдаг хоббитой. 2013 онд Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хар азарга нь аман хүзүүдэж, Төвийн бүсийн их насны морьдын уралдаанд бор халзан хүлэг нь түрүүлэн эзнээ баярлуулжээ. Тэгвэл 2016 онд Орхон аймгийн 40 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд саарал азарга нь түрүү магнайгаар тодрон, шүдлэн нь айрагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэдхэн хоногийн өмнө улсын алдарт уяач цол хүртсэн түүнтэй ярилцлаа.
-Монгол Улсын алдарт уяач цол хүртсэнд баяр хүргэе. Энэ цагаас хойш авто спортын тамирчин, алдарт уяач гэж дуудуулах боллоо. Өөрийг тань хурдан ажнай уяж, улсын баяр наадамд уралдуулдаг гэж саяхан л мэдлээ.
-Баярлалаа. Монголчуудыг эрийн гурван наадам, хурдан хүлэггүйгээр төсөөлшгүй. Би авто спорт, адуу хоёрт аль эрт сэтгэл татагдсан. Миний хийморийг аль аль нь сэргээдэг. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын манлай уяач С.Эрдэнэбат миний унаган багын найз. Найз минь морь уях эрдэмд гаргуун. Олон жил морь уясан. Нэг удаа хөдөө ажлаар явж байгаад найзындаа зочлоход “Чи наадмаар уралдуулах морьтой болооч. Найз нь уяж байя” гэлээ. Намайг авто спортод хурд сорьж байхад найз минь миний морийг уяж, уралдуулдаг байв. Тэгсэн Сүхбаатар аймгийн наадамд морь минь аман хүзүүдэж баярлууллаа. Түүнээс хойш уяач болохоор шийдсэн. Сүүлдээ ч морьдоо харахаар огшдог болсон. Төв аймгийн Бүрэн сум, авто спортын тамирчдаас төрсөн анхны алдарт уяач болж байна.
-Нэр тань их содон юм. Монголд ийм нэртэй тамирчин танаас өөр байхгүй санагдана.
-Улам өрнөх гэдэг үндэсний бөхийн чимэг бий. Улсын баяр наадмаар тав давсан бөхөд өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай гэсэн чимэг олгодог. Засуул бөх цоллохдоо улсын цол, чимгийг нь нэг бүрчлэн дууддаг шүү дээ. Намайг мэндлэхэд аавын минь найз Жамсрандорж монгол бөхийн цол, чимгийг бэлгэдэж энэ нэрийг хайрласан юм гэнэ лээ.
-”Silk way 2021” олон улсын ралли тун удахгүй эхэлнэ. Монголын авто, мото спортын тамирчдыг уралдах тухай сонссон.Та оролцох уу?
-Манай тамирчид тус раллид оролцохоор бэлтгэж байгаа. Би энэ жил уралдахгүй. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр тохиож байгаа тул наадмаар морьдоо сойно. Тэгээд ч спортын тэмцээн, уралдаангүй болохоор бэлтгэл базаасангүй. Монголчуудын бүтэн жил хүлээдэг баяр бол наадам. Наадмын өдөр, хоног ойртох тусам морьдоо шандас хэр сорих бол гэж сэтгэл догдолно шүү дээ.
-Та 35 дугаартай олон жил уралдлаа. Хурдан морины унаач хүүхдэдээ хүртэл энэ дугаарыг өгдөг гэсэн.
-Тийм ээ, би авто спортын дунд үеийнхний төлөөлөл. Энэ спортод хөл тавьсан цагаас тасралтгүй 12 жил хурд сорьж байна.Тавын тоо манайхны бэлгэ тэмдэг. Тухайлбал, миний ажиллаж байсан байгууллага TV5, мөн хамаатан садан, ах дүүсийн хүүхдүүдийн олонх нь тавдугаар сард эсвэл тавын тоотой өдөр төрсөн байдаг. Хүмүүс 5, 25-ын тоог их бэлгэшээдэг болохоор 35 дугаарыг сонгосон. Надад дугаар маань аз, амжилт дагуулж, олон түрүү бэлэглэлээ. Би зөвхөн авто спорт гэлтгүй олон зүйлд энэ дугаараа бэлгэшээж авдаг. Хурдан морины унаач хүүхдэдээ 35 дугаарыг сонгох дуртай.
-Уясан хүлгүүд чинь улс, бүс, аймгийн наадамд нэг бус удаа түрүүлж, айрагдсан байх аа.
-Морьд маань улс, бүсийн баяр наадамд 16 удаа айрагдаж, түрүүлсэн. Миний уясан саарал халзан морь 2011 онд Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлж байлаа. 2012 онд хул азарга Төвийн бүсийнхэд дөрөв, халтар даага гуравт орж, айрагдсан бол 2013 онд хар азарга маань улсын наадамд аман хүзүүдэж, саарал халзан Төвийн бүсийнхэд түрүү магнайгаар тодорсон. 2014 онд уясан хээр даага маань улсын наадамд аман хүзүүдсэн, 2016 онд улсын наадмын эрлийз дааганы уралдаанд хонгор халзан даага гуравт давхиж айрагдсан, Орхон аймгийн Хангайн бүсийн наадамд саарал шүдлэн түрүүлж баярлуулсан гээд яривал миний сойсон хүлгүүд улс, бүс, аймгийн наадмаас нэлээд түрүүтэй.
-Одоо авто спортод хөл тавьсан дурсамжаар тань аялъя. Хэн нэгэн өөрийг тань урвуучихав уу?
-Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг мастер кросст 2009 оноос уралдаж эхэлсэн. Намайг TV5 телевизэд ажилладаг байхад 2005 онд сэтгүүлч Батхүлэг аялал зохион байгуулахад нь оролцож ОУХМ Ж.Пүрэвсүрэн ахтай уралдааны УАЗ-д нь сууж, жолоодоход хамт явсан тамирчид “Чамд уралдах хэмжээний ур чадвар байна” гэж урам өгсөн. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа автомашинаа бэлдэж хурд сорьсон. Авто спортод ивээн тэтгэгч байгууллагаас гадна хөрөнгө, санхүү чухал. Тэр үед би 23 настай, амьдралаа дөнгөж зохиож байлаа. Миний хувьд амьдралаасаа илүү гаргаж, авто спортод мөнгө зар - цуулах хөрөнгө байгаагүй. TV5 телевизийнхэн намайг ивээн тэтгэж, шинэ “УАЗ-469” машин авч өгснөөр тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Тэр үед ОУХМ Х.Ганхүү, Ц.Жаргалсайхан, Д.Болдбаатар, Ш.Гомбодорж, Л.Ариунболд зэрэг сайн уралддаг тамирчин байсан. Авто спорт тухайн хүнээс эр зориг, мэдрэмж, овсгоо самбаа, ур чадвар шаарддаг. Уралдааны гараанаас гарах энгийн авто машин жолоодохоос огт өөр. Өрсөлдөгчийнхөө өмнө нь гарахын тулд тооцоолон, толгойгоо чамгүй ажиллуулах ёстой. Надад автомашинаар уралдах эрдэм заасан хүн бол С.Эрдэнэчулуун ах. Багшаараа гараанаас хэрхэн гарах, хурд сорихыг анх заалгасан.
-Тэр үед ах дүүс, найз нөхөд, хамт олон тань амжилт хэзээ гаргах бол гэж хардаг байсан байх даа?
-Намайг уралдах дуртайг мэддэг болохоор найз нөхөд, хамт олон минь амжилт гаргана гэдэгт эргэлздэггүй байлаа. Би ч итгэлийг нь алдаагүй. Гэхдээ амжилт амархан ирээгүй. Хоёр жил уралдаж байж, эхний тавд ордог болсон. Энэ спортод амжилт гаргахын тулд эхлээд авто машинаа эвдэхгүй, сайн явуулж сурах ёстой. Авто спортод татагдсан бол холдож чаддаггүй юм билээ. Хотын замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож, хөдөө хээр явахдаа салхи татуулан давхих сайхан шүү дээ.
-Таны хувьд оролцоогүй тэмцээн, уралдаан ховор. Аваргаар анх удаа шалгарч, медаль, цомоо мялааж байснаа дурсвал сонирхолтой түүх өгүүлэх болов уу?
-Би ралли, баха, кросст уралддаг. Мастер раллид 2011 онд анх удаа оролцож, аваргаар шалгарч байв. Түүнээс хойш Монголын авто спорт мастеруудын болон өөр холбооноос зохион байгуулсан тэмцээнд хурд сорьж, 16 удаа түрүүлсэн. Тамирчин болоод удаагүй байхдаа уралдааны өмнө догдолж, нойр хүрдэггүй байлаа. Туршлага дутуу байсан болоод ч тэр үү ажил гэж завгүй гүйсээр тэмцээн дөхүүлж, бэлтгэл хийдэг байсан. Одоо бол ажил, амралт, нойр, хоолоо зохицуулж, уралдаанд хөөрч догдлохоос илүү тайван оролцдог боллоо. Би медаль, цомынхоо ихэнхийг мастер кроссоос хүртсэн. Миний зан чанар, уралдах арга барилд илүү зохидог. Өрсөлдөөнтэй болдог болохоор сонирхолтой. Уралдааны талбараас хүртсэн шагналаа тоолж үзээгүй ч, 100 хол давсан байх.
-Авто спортын өрсөлдөөн дунд амжилт гаргах амаргүй л байх. Уралдах машинаа сайтар зэхэж, бүх зүйлээ тооцоолж, төлөвлөсний дагуу уралдвал шалгарах боломж байдаг уу?
-Амжилт гаргахад олон зүйл шалтгаалдаг. Тамирчин хүн уралдах замаа эхлээд сайтар судлах ёстой. Гараанаас гарангуутаа давхиад байж болохгүй, уралдааны замын аль хэсэгт араагаа сольж, ямар туг дээр хэрхэн эргэх вэ гэдгээ хүртэл нарийн тооцоолох хэрэгтэй. Уралдах үед бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэж, замд тохиол - дож болзошгүй эрдсэлийг тооцоолж, зориулалтын хувцас хэрэгслийг өмсөх нь зүйтэй. Тэр дундаа биеийн бэлтгэл их чухал. “УАЗ-469” зөвхөн спортын уралдаанд зориулагдсан техник биш. Засаж, сэлбээд уралддаг. Жолоодлого нь механик тул биеийн хүч их шаарддаг. Осол гаргахгүй, авто машинаа эвдэхгүй, аль болох цэвэр уралдахаас бүх зүйл хамаарна.
-12 жил уралдана гэдэг бага хугацаа биш. Өнгөрсөн жилүүдэд нэлээд машин сольсон байлгүй.
-Би дөрвөн машины ард гарсан. Ихэнхдээ кузов, рамыг нь сольдог. Намайг анх уралдахад шинэ нь 4.5 сая төгрөгийн ханштай байсан бол одоо 32 сая болсон байна. Тэр үед засаж янзлахад сэлбэг, хэрэгсэл нь хямд. Өмнө нь кузов авах, эсвэл бүтэн рам солиход 150 мянган төгрөг болдог байлаа. Намайг 2009 онд уралдахад TV5 телевизийнхний бэлэглэсэн шинэ УАЗ-аас салхины шил тогтоодог резин л үлдсэн байна. Шинэ УАЗ-тай уралдах урамтай. Эхний жил туршлага хуримтлуулж уралдсан бол хоёр дахиас нь юун дээр алдаа гаргаж байгаагаа мэддэг болсон. Уралдаанаас уралдаанд оролцох тусам бүх зүйл гарт орж, тэр хэрээр толгойгоо ажиллуулж сурдаг. Өмнө нь уралдах хүсэлдээ хөтлөгдөж, урд явааа машиныг гүйцэж түрүүлэх гэж хичээдэг байж. Одоо хаана, хэзээ, хэдийд, ямар үед гүйцэх, эсэхийг сайн тооцоолж, гараанаас гарахдаа аль хэсэгт нь зогсвол овон товон, хаван, ус, шавар багатай замаар уралдах вэ гэж боддог болсон. Энэ спортод түрүүлэхээс илүү эрсдэлгүй, богино хугацаанд амжилт гаргах л чухал байдаг юм.
-Аваргуудтай ана мана уралдаж ардаа орхиж байсан уралдаанаасаа сонирхуулаач.
-Дорноговь аймагт 2014 онд болсон мастер кроссын шигшээ уралдаанд Д.Болдбаатар аваргатай өрсөлдсөн. Түрүү булаалдаад уралдаж байтал аваргын УАЗ-д техникийн саатал гарч барианы өмнөхөн зогссон. Таван тойрог уралдаад миний машины ус, хөдөлгүүр халаад эхэлсэн. Барианд орохын тулд бүх зүйлээ гаргасан. Тэр чигтээ давхисаар барианы шугам дөнгөж даваад л машин унтарч, нам зогссон. Буугаад хартал бүтэн үлдсэн зүйл ховор байв. Техникийн саатлаас болж зогсоогүй бол би аваргыг гүйцэхээргүй байсан. Тэр тэмцээн сэтгэлд хамгийн сайхан дурсамж үлдээжээ.
-Авто спортод аварга болж үзээгүй болохоос сайн уралддаг залуу тамирчид мэр сэр харагддаг.
-Хичээвэл амжилт гаргах ур чадвартай залуус бий. Тухайлбал, 74 дугаартай уралддаг Д.Мөнх-Оргил, 58 дугаартай Э.Пүрэвбаяр нарт бол түрүү ойрхон харагддаг. Тамирчин хүн амжилт гаргахад бие, сэтгэл зүйн бэлтгэлээс гадна өөрийнх нь хичээл зүтгэл, туршлага, мэдрэмж, техникийн давуу тал их нөлөөлдөг. Авто спортын тамирчид хурд, хүч, залуу насны хүсэл мөрөөдөлд жигүүрлэж амжилт гаргадаг. Аливаа зүйлд цаг хугацаа бий, амжилт ч бас үүнийг дагадаг. Миний хувьд ид оргил үедээ явна, магадгүй 10 жилийн дараа залууст халаагаа өгч, зодог тайлахыг үгүйсгэхгүй. Спортын талбар өрсөлдөөнтэй, тэр ширүүн тэмцэл дундаас цойлж гарч ирэх үе байхад бас буурч үзэгчдийн эгнээнд шилжих үе ч бас бий. Тиймээс залуу байхдаа завгүй хөдөлмөрлөж, амжилт гаргах сайхан.
-Хүүхдүүдээс тань уралдах хобби харагддаг уу.
-Манайх дөрвөн хүү, нэг охинтой. Хөвгүүд минь багаасаа уралдаан харж өссөн болохоор авто спорт сонирхдог. Том хүү ирэх жил 18 нас хүрнэ, энэ спортоор хичээллүүлэх бодол бий. Өөрийнх нь хүсэл сонирхлыг хүндлэхээс гадна спортод цаг зав гаргаж хичээллэх боломж, хөрөнгө санхүү, техникийг нь бэлдэх гээд олон зүйл шаардлагатай. Ямар ч спортыг сонгож хичээллэхдээ сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Уралдахаасаа өмнө дугуй солих, эрэг боолт зөв боож сурах, машиныхаа дууг нь сонсоод ямар гэмтэл гарсныг гадарладаг болох зэргээр наад захын зүйлийг сурч, мэдсэн байх ёстой.
-Олон жил уралдахаар хэцүү санагдаж, болих уу, үлдэх үү гэсэн сонголттой тулгарсан л биз дээ?
-Авто спортын олон төрөлт бартаат замын тэмцээнд байнга оролцдог тамирчдын биед сөрөг зүйл яваандаа ажиглагддаг. Бөөр өвдөж, нуруунд суулт өгнө. Хүн дуртай зүйлээсээ хуБиеэ эмчлүүлж, гам сахиж байгаад л уралддаг. Эрүүл мэнд, амь нас, амьдралаараа дэнчин тавьж, эрсдэлээс айхгүй уралдана гэдэг хүсэх зүйл биш. Машинтайгаа харайж, хамар дээрээ буугаад хэд эргэх бол аавын хүү болгоноос гардаг зориг ч бас биш. Би сүүлийн үед уралдаанд оролцсоныхоо дараа шинжилгээ өгдөг болсон. Бид хамгаалалт, суудлын бүс гээд бүх зүйлийг стандартын дагуу хангаж уралддаг. Миний хувьд Монголын авто спорт, мастеруудын холбооны тэргүүний ажлыг гурван жил, холбооныхоо Удирдах зөвлөлийн ажлыг 2010 оноос өнөөг хүртэл хийж байна. Тиймээс тамирчдынхаа эрүүл мэнд, амь насыг эрсдэлгүй байхаар тооцоолж, уралдаан, тэмцээнийг дүрэм, журмын дагуу зохион байгуулдаг. Энэ спортод хэн их хөрөнгөтэй нь бус сэтгэл, зүтгэлтэй нь үлддэг.
-Шавь болъё гээд өөрийг тань зорьж ирсэн залуус байдаг уу?
-Би нэг шавьтай, 87 дугаартай уралддаг Ч.Төгөлдөр хэмээх залуу бий. Эхний жил учраа олохгүй уралдаж байгаад дараа нь багштай болъё гэж бодсон уу намайг зорьж ирсэн. Сүүлийн үед шавь минь ажил, амьдралаа төвхнүүлэх гээд завгүй явна. Багш байна гэдэг хэцүү юм билээ. Өөрөө уралдахын хажуугаар шавийнхаа машин техник, аюулгүй байдалд анхаарал хандуулах амаргүй ажил болохыг мэдэрсэн.рдан холдож чаддаггүй. Уралдаж ирчихээд бөөр өвдөж, хоёр хоног босох тэнхэлгүй болдог үе байсан надад. Тэр үед болъё гэж боддог ч сонирхол, зорилго минь уралдааны талбарт авчирдаг байлаа.