АНЭУ-ын Дубайд энэ сарын 21-31-нд зохион байгуулсан сонирхогчдын боксын Азийн АШТ-д Монголын боксчид амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдийн 56 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, дэлхий, Азийн аварга, Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой тулалдан 3:2-оор ялж, тивийн аваргаар анх удаа шалгарав. Түүний дараа 60 кг-д “Ажнай” корпорацын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар Ираны боксчин Данияал Шахбахштыг 5:0-ээр буулган авч, Азийн хошой аварга болсон юм. Тэгвэл 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин Б.Чинзориг аваргын төлөөх тоглолтод Энэтхэгийн Шива Тапатай учраа таарч, 3:2-оор хожин алтан медаль хүртлээ. Тэрбээр энэ удаа тивийн АШТ-ий иж бүрэн медальтан болжээ. Мөн 49 кг-д О. Өнөболд, 69 кг-д Б. Мишээлт, эмэгтэйчүүдийн ангиллаас 51 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д Э.Мичидмаа, 75 кг-д М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртсэн юм.