Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан МУГТ, Жүдо бөхийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хилийн 0208 дугаар тусгай салбар/”Хилчин” спорт хороо/-ын жүдо бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Х.Эрдэнэт-Од Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаалаа. Дэд хурандаа Х.Эрдэнэт-Од нь жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн анхны медалийг эх орондоо авчирсан гавьяатай юм. Мөн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 16 жил дараалан түрүүлсэн ялгуусан амжилт түүний нэр дээр бичигддэг. Тэрбээр жүдо бөхөөс гадна самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга болж, тус тэмцээнээс нийт арван медаль хүртсэн амжилтын эзэн. Түүний энэхүү амжилтыг одоо хүртэл эвдэж чадаагүй байгаа нь Монголын спортод үлдээсэн түүхэн бахархалт амжилтуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Х.Эрдэнэт-Од 2008 онд зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, тамирчдаа тив, дэлхий, олимпын наадамд амжилттай бэлтгэн, оролцуулсан билээ. Хилчин тамирчны их спортод оруулсан хувь нэмрийг төр засаг ийнхүү үнэлсэн нь хилчдийн төдийгүй монгол түмний бахархлыг төрүүллээ. Тэрбээр анх 23 насандаа гавъяат тамирчин болсон билээ.