Ирэх долоодугаар сард нээлтээ хийх Токио-2020 зуны XXXII олимпын бамбарын аялал Японы муж, хотуудаар үргэлжилсээр байна. Олимпын бамбар нийт 47 мужаар дамжих аж. Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотод өчигдөр болсон бамбар аялуулах үйл ажиллагаанд “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сумо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс оролцсон байна. Тэрбээр, “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулдаг. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сумо бөхийн Дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ.