Унгарыг зорьсон дөрвөн хөл бөмбөгчний нэг Г.Ганбаяр клубийнхээ хамтаар Унгарын дээд лигийн мөнгөн медалийг хүртлээ. Тэрбээр, Европ тивийн хөл бөмбөгийн клубтэй мэргэжлийн тоглогчийн гэрээ хийсэн анхны тоглогч болж байсан бөгөөд буурал тивийн томоохон лигээс медаль хүртсэн анхны Монгол хөл бөмбөгчин боллоо. Ингэснээр "Пушкаш Академи"-ийн I баг ирэх улиралд Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авлаа. Ташрамд дурдахад эл тамирчин “Пушкаш академи”-ийн нэгдүгээр багийн хамтаар дээд лигийн хэд хэдэн тоглолтод гарааны бүрэлдэхүүнээс тоглож, хоёрдугаар багийн гарааны бүрэлдэхүүнээс 26 тоглолт гурван гоол оруулсан амжилтыг энэ улиралд үзүүлсэн юм. Түүнчлэн Монголын шигшээ багтаа анх удаа дуудагдаж Тажикистан, Японы шигшээ багуудын эсрэг гарааны бүрэлдэхүүнээс тоглосон билээ.