Монгол Улс 2019 оны эхний долоон сард дэлхийн 141 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.5 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2019 оны долдугаар сард экспорт 632.5 сая америк долларт, импорт 613.4 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 43.1 сая америк доллараар буурч, импорт 34.7 сая америк доллараар өссөн байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 696.4 (9.4%) сая америк доллар, үүнээс экспорт 454.8(11.0%) сая америк доллараар, импорт 241.6 (7.4%) сая америк доллараар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний 7 сард 851.0 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 213.3 сая америк доллараар нэмэгдэж, 1.1 тэрбум америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны 7 дугаар сард 19.1 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 77.8 сая америк доллараар буурсан байна.
Экспорт 2019 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 454.8 сая америк доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 177.2 сая америк доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 241.6 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 47.8 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 82.5 сая америк доллар, тээврийн хэрэгсэл,тэдгээрийн эд анги 162.2 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.