Өнгөрөгч баасан гаригт МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардаж, өөрт нь албан бичиг өглөө. Эдийн засаг, нийгэм, улс төрийн гүнзгий хямралд өртсөний гол “буруутан” нь УИХ-ын даргын хэт дураараа авир, ганцаараа бүхний дээр гарах гэсэн болчимгүй оролдлого, бодлогогүй үйл ажиллагаа болохыг МАН-ынхан онцлов.
Ингэхдээ тэд “УИХ-ын дарга нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан, бүлэг байгуулах, завсарлага авах, үг хэлэх эрхийг хаах, санаачилсан төслүүдийг нь хэлэлцүүлэхгүй, хэлсэн үг, саналтай нь холбогдуулан дайрч доромжлох, мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ” хэмээн шаардлагадаа дурджээ.
Мөн “Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах ажлыг нам дотроо ил, далдуур зохион байгуулж, намын даргын суудлыг “булаан авсан” төдийгүй дараачийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг чуулганы хуралдааны индэр дээрээс “огцруулна”, сайд М.Энхсайханыг “хөөж явуул” хэмээн сүрдүүлж, Тавантолгойн талаар УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг нь Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэлгүй өдийг хүрлээ” хэмээснээс гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэв.
Үүнээс гадна цөмийн асуудлаарх конвенцод нэгдэн орох төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэснийг үндэслэл болгож, “Барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороог твиттерээр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг утсаар удирдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах хүртэл үйлдэл чинь даамжирлаа” гэсэн байна.
Шаардлагатай холбогдуулан мөн өдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдэгдэл хийсэн. Л.Эрхэмбаяр “МАН-ын бүлэг З.Энхболд даргыг гутаан доромжлохын тулд шаардах бичиг илгээсэн нь харагдаж байна. Жишээ нь, Монгол Улсын хилээр цөмийн хаягдал, цацраг идэвхт бодис нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглохоор хууль батлах гэж байхад МАН-ынхан БНХАУ-ын Коммунист намынхантай уулзалт хийж, ээлжит бус чуулганыг санаатайгаар тасалдуулснаа цайруулах гэж оролдож байна.
АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж, хооронд нь хагалан бутаргахыг оролдсон. Үнэндээ МАН-ын үед авсан зээлээ үр ашиггүй тарааж, халамжийг тэтгэсэн бодлого явуулж байсан. АН-ын үед авсан зээл бүтээн байгуулалт болсныг ард түмэн харж байгаа. Ард түмэндээ хямд, бага хүүтэй зээлээр орон сууц олгох нь МАН-ынхны хэлж буйгаар нүгэл юм байна. Үүний төлөө УИХ-ын даргад хариуцлага тооцдог бол хэчнээн ч удаа тооцуулахад бэлэн байна. УИХ-ын гишүүн дэгээ барьж, зөвхөн хэлэлцэж буй асуудлаар ярьж сурах ёстой. Микрофон харахаараа улстөрждөг замбараагүй байдлаа МАН-ын эрхэм гишүүд хазаарлах хэрэгтэй” гээд “МАН-ын шаардлагын далд агуулга нь УИХ-ын дарга Тавантолгойг авч үлдсэнийг буруушаасан мэт агуулгатай байна. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн оноо цуглуулах гэж төрийн тогтворгүй байдал руу турхирсан явуургүй үйлдлээ зогсоохыг МАН-ын бүлгээс шаардаж байна” хэмээн мэдэгдсэн.
Мөн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өргөх бичиг барьсны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж байхгүй. Энэ бол цэвэр улс төрийн тоглолт. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийдэхгүй” гэв.
УИХ-ын дарга мөн фэйсбүүк хуудастаа “МАН-ын гишүүд “огцор” гэдэг бичиг ирүүлжээ. Шинэ сэдэв биш. Дөрвөн жилийн өмнө дарга болсон өдөр л “огцор” гээд эхэлсэн. Сонгууль ойртсон, улстөржиж буйг ойлгож байна. Харин орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулсан учраас огцор гэснийг ойлгосонгүй. Ипотекийг “нүгэл” гэж үздэг намын хувьд бас ч тэдний зөв юм болов уу” хэмээжээ.
Б.НОМИН