УИХ дахь МАН, АН-ын бүлэг өчигдөр 10.00 цагт хуралдахаар товлосон. Гэвч МАН-ын бүлэг тодорхойгүй шалтгаанаар хуралдсангүй. Харин Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Түүхэнд анх удаа Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ бараг тэр чигт нь баталчихлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотой алдаа гарсан. Эцэст нь төсөв батлахдаа төхөөрөмжөөр биш, гар өргүүлж санал хураалаа. Хэдэн гишүүн санал өгсөн гэдэг мэдээлэл одоогоор тодорхойгүй. Төсвийн хэлэлцүүлгийг хангалттай хийсэнгүй.
Ялангуяа Төсвийн байнгын хорооны дарга бөгөөд төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлдэх үүрэгтэй ажлын хэсгийн дарга Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага тооцох ёстой гэдэгт АН-ын гишүүд санал нэгдсэн. УИХ арваннэг, арванхоёрдугаар сард улсын төсөвтэй зууралдах нөхцөл байдал үүслээ. Төсвийн тодотголын төсөлд энэ бүх шүүмжлэлийг багасгахаар ажиллана” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Д.Амарбаясгалан дарга дэгийн хууль мөрдүүлэх биш, хуулийн зүйл, заалтыг зохиож уншсан. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил.
УИХ-ын даргад хариуцлага тооцох ёстой. Санал хураах явцад танхимд байсан гишүүдийн тоог нягтлах, мэдээлэл авах шаардлага тавьж байгаа” гэсэн юм. Харин бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2025 оны төсвийг тодотгол хийх тогтоолын хамт баталсан. Удахгүй өргөн барих төсвийн тодотголд АН-ын бүлэг ямар байр суурьтай байх вэ гэдгийг ярилцлаа. Ажлын хэсэг байгуулж, төсвийг төдөн их наядаар багасга гэдэг тодорхой байр суурь баримталж ажиллая гэдэгт санал нэгдсэн” гэв.
Ч.БОЛОР