Даваа гарагт Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо Арабын улсуудын холбоо болон Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчид Газын зурвас болон Ливаны нөхцөл байдлын талаар нэгдсэн байр суурь боловсруулах зорилгоор цугларчээ. Энэ тухай Al-Arabiya суваг мэдээлэв.
Дээд хэмжээний уулзалтаар гаргасан мэдэгдэлд НҮБ-д Израилийн оролцоог царцаахад олон улсын дэмжлэгийг дайчлах шаардлагатайг онцолжээ.
Мөн тус баримт бичигт Газын зурваст жил гаруй үргэлжилж буй түрэмгийлэл хүрээгээ тэлсээр одоо Ливаныг хамран олон улсын үр дагавартай болж байгааг, түүнчлэн НҮБ-аас шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Ирак, Сири, Ираны тусгаар тогтнол зөрчигдөж байгаа зэрэг аюулыг анхааруулсан байна.
Мэдэгдэлд Израилийн эзлэн түрэмгийлэгч армийн Газын зурваст ялангуяа бүс нутгийн хойд хэсэгт үйлдэж буй, тухайлбал үй олноор нь булшлах, эрүүдэн шүүх, шүүхээс гадуур цаазлах, хүчээр алга болгох, дээрэм тонуул, үндэстний цэвэрлэгээ гэх мэт аймшигт гэмт хэрэг үйлдэж байгааг эрс буруу шаав.
Уг дээд хэмжээний уулзалтаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах бие даасан, найдвартай олон улсын комисс байгуулж, буруутай этгээдүүдийг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхийн тулд нотлох баримтыг устгахаас урьдчилан сэргийлэх талаар дорвитой арга хэмжээ авахыг уриалжээ.
Мэдэгдэлд Израилийн түрэмгийлэл Ливаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байгааг хатуу зэмлэн буруушааж, нэн даруй гал зогсоож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2006 оны 1701 тоот тогтоолын бүх заалтыг бүрэн хэрэгжүүлэхийг уриалахаас гадна эл түрэмгийлэлийн эсрэг Ливантай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.