УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, бүлгийн шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар олонхийн саналаар дэмжлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Улс төрийн хувьд амаргүй цаг үед бүлгийн даргын ажлыг хүлээн авч байна. Би цаашдаа дараахь чиглэлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Тиймээс мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүлгийн үүрэг нэн чухал. Ойрын үед цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг намын Удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцүүлнэ гэсэн бодолтой байна. Хоёрдугаарт, УИХ болон бүлгийн гишүүдийн нэр хүндийг өргөх, эв түнжинг нэгтгэх, гишүүдийн эрхийг хамгаалах асуудал ч байгаа. Үүнд, шинээр сонгогдсон бүлгийн даргын хувьд онцгой анхаарал хандуулна. Энэ парламент хууль батлах үйл ажиллагаагаа маш сайн биелүүлж, доголдолгүй явж байгаа. Миний хамгийн гол үүрэг бол бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллах гэдэгтэй санал нэг байна” гэсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Бүлгийн эв нэгдлийг хангах нэрийдлээр гишүүдийн хууль бус үйлдлийг өмгөөлөхгүй биз дээ?
-Их хурал, Засгийн газар шударга ёсыг тогтоох чиглэлд явж байгаа. Дутагдал гаргасан, нэр хүндээ сэвтээсэн гишүүдээ хамгаална гэж яриагүй. Энэ асуудал хуулийнхаа дагуу явна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбогдсон гишүүд ёс зүйн хариуцлага хүлээсэн. Хууль зүйн хүрээн дэх хариуцлагын асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна.
-Бүлгийн даргын эрхийг яг хэрхэн тодорхойлсон байдаг юм бэ?
-Бүлгийн даргад эрх хэмжээ гэж байхгүй. Харин үүрэг хариуцлага, зохион байгуулах үндсэн ажилтай. Бүлгийн дарга дангаараа шийдвэр гаргана гэсэн ойлголт байхгүй. Аливаа асуудалд хамтын удирдлагаар шийдвэр гаргадаг.