Эрх баригч хүчнийхэн дотооддоо бужигнаж, улс төрийн температурыг эрс өсгөсөн халуухан долоо хоног эхэллээ. Өчигдөр өглөөнөөс шөнө дүл болтол хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт улс төрийн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн нь ийнхүү улс төрийн уур амьсгалыг буцалгаж орхив.
ИТГЭЛ ТӨРҮҮЛЭЭГҮЙ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨХ “ТЭМЦЭЛ”
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхлэхээс хэдхэн минутын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа гэнэт хэвлэлийн хурал зарлан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нараас шударга ёс нэхэж, шаардах бичиг хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдрүүдэд би нэлээд зүйлийг бодож, нийгэмд үүсээд буй бусармаг үйл явдлууд намжих нь уу, байдал хаашаа эргэж байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийлээ. Нийгэмд ассан бухимдлын галыг намжаах гэж оролдож буй ч намжихгүй байна. Шударга бус үйл явдлыг таслан зогсооход төр засаг, төрийн эрх барьж буй нам тодорхой алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж буй иргэд, сонгогчдын дуу хоолой өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг би харлаа. Өнөөдөр би УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд биш, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд ч бус, УИХ-ын гишүүнийхээ хувиар энэ мэдээллийг хийж байна. УИХ-ын гишүүн нэг тойргоос сонгогддог ч бүх ард түмний эрхийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж би ойлгодог. Засгийн газар, УИХ, эрх баригч нам үүний учрыг олж, үнэн зөвийг тогтоох бодит алхам хийхгүй байгаа учраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон шуугиан намжихгүй байна. Салбарын сайдыг нь огцруулснаар асуудал намжина гэсэн хүлээлт манай удирдлагад байгаа юм болов уу гэж би хардаж сууна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон асуудлаар яагаад намын удирдлага дуу хоолойгоо гаргахгүй байна вэ, яагаад Ерөнхий сайд уг асуудлаар олон нийтэд тодорхой мэдэгдэл хийхгүй байна вэ гэдэг нь өөрөө анхаарал татсан асуудал юм. Тиймээс би УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор нийгэмд үүсээд буй бухимдлыг зогсооход тодорхой арга хэмжээг авах ёстой.
Тиймээс би УИХ-ын даргад “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүсийг Ёс зүйн хороогоор оруулан хариуцлага тооц. Эндээс зээл авсан хүмүүс ББСБ-аар дамжуулан ашиг олсон гэсэн сэжиг, таамаг байгаа. УИХ-аас ажлын хэсэг гаргаж, шалгаад, дээрх хардлага үнэн байх сэжиг таамаг илэрвэл хууль, хяналтын байгууллагад шилжүүл. УИХ-аас томилдог албан тушаалтнууд энэ хэрэгт оролцсон бол үүрэгт ажлаас нь чөлөөл. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос гаргаж, ажиллуулан, дүгнэлтийг нэн яаралтай УИХ-д өргөн барь” гэсэн шаардлага хүргүүлж байгаа. Харин Ерөнхий сайдаас “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдсон бүх сайдаа огцруулж, орных нь хүмүүсийг томилох асуудлыг УИХ-д нэн яаралтай оруулж ир. Засгийн газрын бүтцийн байгууллагад байгаа тодорхой эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт холбогдсон бол улс төрийн хариуцлага
тооц. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд энэ асуудалтай холбогдсон нь тодорхой болбол Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөл. Энэ сарын 20-ны дотор намын Бага хурлыг хуралдуулж, энэ бүх бусармаг үйлдэлд тооцох сахилга, хариуцлагын асуудлаа хэлэлц” хэмээн шаардана. Үүнийгээ өнөөдөр Удирдах зөвлөлийн хурлын үеэр намын дарга Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрт гардуулна.
Шаардлага тавьсны төлөө хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр нэлээд дайрч давшлах байх. Яаж ч дайрч, давшилж, гүтгэж, доромжилж болно. Үүнд би мохохгүй. Намайг намын дарга, Ерөнхий сайдтайгаа зөрчилдөж байна, Засгийн газраа унагаж, намын даргын суудлыг нь авах гэж байна гэсэн мэдээлэл нийгэмд хэдийн гарсан. Надад ийм зорилго байхгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан УИХ-ын чуулганы үеэр үгээ хэлсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын манаач болсон, Үндсэн хуулиар бүрэн эрх олгосон ҮАБЗ-ийн гишүүн гурван хүнийг би ил тод шүүмжилсэн. Шүүмжлэл ил тод, нээлттэй байх тусмаа алдаа оноогоо засах боломж олгодог гэж би хувьдаа боддог. Хэлсэн шүүмжлэлийг зөрчил, дутагдал, атаа хорсол гэж бодох, эсвэл алдаа оноогоо засах эрүүл саруул ухаанаар хүлээж авах нь У.Хүрэлсүхийн улс төрийн ухааны цар хүрээнээс шалтгаална.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулган болон бүлгийн хурлын үеэр хэдэнтээ болчимгүй мэдэгдэл хийсэн. Үүнийг нь удаа дараа хэлж сануулсаар байтал чуулганы үеэр дахин дахин ярьж байгаа учраас би үүнийг нь ил тод хэлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан УИХ-ын чуулганы индэр дээрээс “Би тун удахгүй ард түмнээсээ дэмжлэг хүснэ. УИХ-ыг тараана. Засгаа огцруулж, дараа нь өөрөө огцорно” гэж хэлсэн. Ийм шат дарааллаар явахгүй ээ. УИХ-ыг тараах эрх нь зөвхөн УИХ-д бий. Ерөнхий сайд санал гаргах эрхтэй ч УИХ-ыг тараах эрхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтан үг, үйлдэл бүрээ бодох ёстой. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой олон нийтийн бухимдлыг дарахын тулд улс төрийн хийрхэл, Үндсэн хуулийн зөрчил, нийгмийн эмх замбараагүй байдал руу түлхэх гэсэн оролдлого хийж эхлэв үү гэж би хардаж байна. Хууль зөрчсөн бусармаг үйлдэл байгаа учраас эднийг хуулийн хүрээнд, зөв зохистой шийдэх талд ард түмэнтэйгээ, УИХ-ын гишүүдтэйгээ нийлж, зарчим барьж тууштай ажиллана.
Бидэнд шударга ёс юу юунаас чухал байна. Би хууль хяналтын байгууллагад хандаж хэдэн үг хэлмээр байна. АТГ, ТЕГ, цагдаа, шүүх, прокурорын байгууллага нийгэмд тулгамдаж, бухимдал үүсгэсэн олон асуудалд хариу өгч, шийдээч. Ерөнхий сайд чинь “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна” гэж УИХ-ын индрээс хэллээ. Энэ юу гэсэн үг вэ. Ерөнхийлөгчид эрх мэдэл нь бий. Хууль хяналтын байгууллагын удирдлагыг томилох, тэдэнд сахилга хариуцлага тооцох эрх мэдэлтэй. Ерөнхий сайдын удирдлагад тагнуул, цагдаагийн байгууллага байна. Өөр ямар эрх мэдэл хүсээд байгааг нь ойлгохгүй юм.
Ерөнхий сайд ийм зүйл яриад сууж таарахгүй. Яагаад өөрийнхөө гарт байгаа хууль хүчний байгууллагыг зохион байгуулаад, шударга бус явдалтай тэмцэж чадахгүй, шүдгүй арслан шиг болчихоод байгаа юм. Үүнийгээ олон нийтийн өмнө тайлбарлах хэрэгтэй.
Өөрөө шударга байж шударга ёс ярих ёстой гэдгийг улс төрийн бүх албан тушаалтан санах хэрэгтэй. Мөнгө мөртэй шүү. Мөнгө төгрөг, тендертэй холбоотой асуудлаас улс төрийн албан тушаалтан хол явах хэрэгтэй гэж би бүлгийн хурал дээрээ ч хэлдэг.
Миний хийж буй энэ алхам бол ямар нэг байдлаар улс төр хийсэн, намын даргатайгаа тэрсэлсэн хэрэг биш. Зөвхөн шударга ёсыг хүсэж байна” хэмээсэн.
Гэвч түүний шударга ёсны төлөөх гэнэтийн тэмцэл жам ёсны, чин сэтгэлээс нь урсаад гарчихсан зүйл үү, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өөрт нь зориулсан бэлгийг задрахаас өрссөн амиа хоохойлох арга байв уу гэдэг нь эргэлзээ төрүүлж буй. Учир нь, Д.Хаянхярваагийн зарласан хэвлэлийн хурал дуусаагүй шахам байхад эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга Су.Батболд нарт улс төрийн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх оруулсан юм.
СУ.БАТБОЛД, Д.ХАЯНХЯРВАА НАРЫГ ОГЦРУУЛАХ, М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ БҮЛГИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ШИЙДЭЛД ХҮРЭВ
11.00 цагт эхэлсэн хурал 16.30 цагийн үед Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг огцруулахад санал нэгдсэн, Су.Батболд Ерөнхий сайдын шийдвэрийг хүндэтгэж, ажлаа өгөхөд бэлэн гэлээ гэсэн мессежтэйгээр түр завсарлав. Хотын даргыг огцруулах, эсэхийг нийслэлийн ИТХ хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх учиртай. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудлаас болж албан тушаалаасаа огцорсон Б.Батзоригийн оронд Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр болсон нь энэ удаагийн Удирдах зөвлөлийн нэг гол шийдвэр байв. Бүтэн өдөржин хуралдсан ч гол асуудлаараа тодорхой шийдэлд хүрээгүй Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүн уур амьсгалтай өрнөсөн гэх. У.Хүрэлсүхийн тал М.Энхболд, УИХ Д.Хаянхярваа, Су.Батболд нарт улс төрийн хариуцлага тооцох талаар ярьсан бол нөгөө тал нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон Я.Содбаатарыг сайдаас огцруулах, мөн зээлд нэр холбогдсон бусад гишүүдээ Ёс зүйн хороогоор оруулах, Ерөнхий сайд өөрөө огцрох гэх мэт асуудлыг хөндсөн гэсэн мэдээлэл байна. Удирдах зөвлөлд намын дарга У.Хүрэлсүх илүү хүчтэй байгаа тул асуудал түүний талд шийдэгдэж буй бололтой.
Түр завсарласан Удирдах зөвлөлийн хурал 18.00 цаг өнгөрөөгөөд үргэлжилж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарт улс төрийн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Дугаар шилжих мөчид буюу 21.30 цагийн үед Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албанаас огцруулах шийдвэр гаргаад байв. Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар Д.Хаянхярваа “Зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцээч” гэсэн санал гаргасны төлөө бүлгийн даргын ажлаас огцруулъя гэсэн шийдвэр Удирдах зөвлөлөөс гаргалаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг би зохион байгуулалттай бүлэг хэрэг гэж үзэж байгаа.
Тэд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагая гэж үгсэн тохиролцоод, үүнийхээ шан харамжид сангийн мөнгийг авсан гэж үзэх үндэстэй. Тиймээс би удаан бодсоны эцэст холбогдох хүмүүст хариуцлага тооцооч гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан. Харамсалтай нь, энэ саналынхаа төлөөсөнд бүлгийн даргынхаа ажлыг өг гэж байна. Үүнийг бүлгийн гишүүд яаж шийдэхийг мэдэхгүй. Нэгэнт Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан учраас бүлгийн гишүүд намайг ажлаа өг гэвэл энэ ажлыг өгөхөд харамсах зүйл алга. Харин цаашид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг хэн, ямар зохион байгуулалттайгаар авч, бизнес эрхлэх гэж хичээж чармайж яваа олон жижиг, дунд үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд саад болж, хулгай хийснийг олон түмэнд хүргэнэ” хэмээн сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн.
Харин УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь бүлгийн хуралд оруулж, хэлэлцүүлэхээр болсон гэсэн мэдээлэл байна.
Бэлтгэсэн: А.Амина